Шууд Chart

Багахангай Хөшгийн Хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км-ийн ажил дуусаж, ашиглалтад бэлтгэх ажил үргэлжилж байна

2026-08-10 09:28:57

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр (2026.08.09) Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км хэсгийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, төмөр замын доод болон дээд бүтцийн үндсэн ажил дууссаны дараах эцсийн шатны ажлуудад хяналт тавьж, төслийн талбайд ажиллалаа.

Төслийн эхний 87 км зам нь Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун тийш чиглэж буй маршрут юм. Энэ хэсгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан бөгөөд одоо төмөр замын чанар, нягтрал, ашиглалтад бэлтгэхтэй холбоотой сүүлийн шатны ажлууд ид үргэлжилж байна.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын хайрга чигжих, замын нягтрал болон зарим хэсгийн дээд бүтцийн суурийн ажлын гүйцэтгэлтэй нарийвчлан танилцаж, ажлын чанар, технологийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж ажиллалаа.

Бүтээн байгуулалтад оролцсон дийлэнх компаниуд үндсэн ажлаа дуусгаж, гүйцэтгэлээ хүлээлгэн өгсний дараа холбогдох санхүүжилтээ авч, төслийн дараагийн хэсгийн ажилд шилжин ажиллахаар техник, хүн хүчээ шилжүүлж эхэлсэн байна

Ингэснээр төслийн эхний 87 км хэсгийн үндсэн бүтээн байгуулалтаас дараагийн шатны ажлууд руу шилжих үйл явц үргэлжилж байгаа бөгөөд Шувуун фабрик, Эмээлт чиглэлийн үлдэж буй ажлуудыг чанар, стандартын шаардлагын дагуу дуусгаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.

Мөн төслийн ажлыг эрчимжүүлэх үүднээс зарим газарзүйн онцлог байдлын хувьд, инженерийн хүнд шийдэлтэй, ажил нь удаашралтай байсан уулын амны нарийн хэсэгт шуурхай зохион байгуулалт хийж, ажлаа цаг хугацаандаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн ‘Жинжи майнинг’ компанийн тэрэг техник, хүн хүчийг нэмэлтээр дайчлан ажиллуулж, ердөө хоёр хоногийн дотор тухайн хэсгийн ухмалын ажлыг бүрэн дуусгаж, дээд бүтцийн компаниуд ажлаа үргэлжлүүлээд явах нөхцөл боломжийг бүрдүүлжээ.

Төслийн зохион байгуулалтыг ийнхүү сайжруулж, уртасгасан цагийн хуваарьтай, зарим хэсэгт 24 цагаар хоёр ээлжээр ажилласнаар Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км-ийн ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэх сүүлийн шатны ажлууд дээр төвлөрч байна.


Багахангай Хөшгийн Хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км-ийн ажил дуусаж, ашиглалтад бэлтгэх ажил үргэлжилж байна  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй