“СпэйсЭкс” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск Украины цэргийнхэн Оросын нутаг дахь объектуудад цохилт өгөхдөө “Старлинк” хиймэл дагуулын холбооны системийг ашиглах хүсэлтийг одоогоор зөвшөөрөөгүй талаар АНУ-ын “Атлантик” сэтгүүл наймдугаар сарын 7-нд мэдээлжээ.
Тус хэвлэлд мэдээлснээр, И.Маск Оросын нутагт цохилт өгөхөд “Старлинк”-ийг ашиглуулах нь мөргөлдөөнийг улам хурцатгаж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. Тэрээр өмнө нь ч Орос, Украины мөргөлдөөн даамжрахаас сэргийлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байжээ.
Орос, Украины мөргөлдөөн 2022 онд эхэлсний дараа И.Маск Украинд олон мянган “Старлинк” төхөөрөмж нийлүүлсэн. Улмаар уг систем Украины харилцаа холбоо болон цэргийн ажиллагаанд өргөн ашиглагдах болсон юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский долдугаар сарын 28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ Оросын нутаг дахь баллистик пуужин харвагч төхөөрөмжүүдэд цохилт өгөхөд “Старлинк”-ийг ашиглах зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн талаар “Атлантик” өмнө нь мэдээлсэн. Д.Трамп уг хүсэлтийг авч үзэхээ илэрхийлсэн ч тодорхой амлалт өгөөгүй байна.
Одоогоор “СпэйсЭкс” Украины цэргийнхэнд өөрийн хяналтад байгаа нутаг дэвсгэр, мөн Оросын эзэлсэн Украины зарим бүсэд “Старлинк”-ийг ашиглах боломж олгож байгаа боловч Оросын нутаг дэвсгэр дотор ашиглахыг хязгаарлажээ.
Иймээс Украины алсын тусгалын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд Оросын нутагт ажиллагаа явуулахдаа бусад чиглүүлэг, навигацийн технологид тулгуурладаг гэж мэдээлсэн байна.
Украины батлан хамгаалахын “Файерпойнт” компанийн төлөөлөгч Денис Штилерманы тайлбарласнаар, “Старлинк”-ийн холбоог ашиглах боломжтой болбол Украины тал Оросын баллистик пуужинг хөөрсний дараа устгахаас илүүтэй харвагч төхөөрөмжийг нь урьдчилан онилох боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.
| Илон Маск Оросын нутагт цохилт өгөхөд “Старлинк” ашиглахыг зөвшөөрсөнгүй | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.