Шууд Chart

Олон улсын зах зээлд газрын тос, үнэт металлын үнэ өслөө

2026-08-10 14:38:09

Ойрхи Дорнодын геополитикийн хурцадмал байдал, газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол болон АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тааруу үзүүлэлт олон улсын түүхий эдийн зах зээлд нөлөөлж, наймдугаар сарын 7-нд газрын тос, алт, мөнгөний үнэ өслөө.

Нью-Йоркийн барааны биржийн наймдугаар сарын 7-ны арилжааны хаалтын байдлаар есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны үнэ нэг торх нь 78.18 ам.долларт хүрсэн байна.

Газрын тосны үнэд Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал голлон нөлөөлжээ. Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэх ажиллагаа тасалдах эрсдэл хэвээр байгаа нь дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн талаарх болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Ормузын хоолой нь Персийн булангийн газрын тос экспортлогч орнуудын түүхий тосыг дэлхийн зах зээлд хүргэдэг стратегийн чухал гарц юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт шинжээчдийн таамгаас эрс доогуур гарсан нь үнэт металлын үнийг өсгөхөд нөлөөлжээ.

АНУ-ын долдугаар сарын хөдөө аж ахуйн бус салбарын ажил эрхлэлт 23 мянгаар буурсан байна. Харин шинжээчид 80 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж таамаглаж байжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт ийнхүү муудсанаар АНУ-ын Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хүлээлт буурч, ам.долларын ханш суларсан байна. Ам.долларын индекс тухайн өдөр 0.44 хувиар буурч, 99.50 нэгжид хүрчээ.

Ам.долларын ханш сулрах нь ам.доллараар үнэлэгддэг алт, мөнгийг бусад валют эзэмшигчдийн хувьд харьцангуй хямд болгож, эрэлтийг дэмждэг. Мөн бодлогын хүү өсөх хүлээлт буурах нь хүүгийн өгөөжгүй алтны хөрөнгө оруулалтын сонирхлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.

Наймдугаар сарын 7-ны арилжааны хаалтаар Нью-Йоркийн барааны биржид арванхоёрдугаар сард нийлүүлэх алтны гэрээний үнэ унц нь 4399.70 ам.долларт хүрчээ. Алтны бэлэн зах зээлийн үнэ мөн огцом өсөж, унц нь 4336 ам.доллар орчимд хүрсэн бөгөөд арилжааны үеэр долоон долоо хоногийн дээд түвшинд хүрсэн байна.

Алтны үнэ өнгөрсөн долоо хоногт нийт долоогоос дээш хувиар өссөн нь нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр долоо хоногийн өсөлт болжээ.

Мөнгөний үнэ мөн өсөж, унц нь 63 ам.долларын түвшнийг давсан байна. Ингэснээр алт, мөнгө зэрэг үнэт металлын ханшид АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн сул үзүүлэлт, ам.долларын ханшийн бууралт болон бодлогын хүүгийн талаарх хүлээлтийн өөрчлөлт зэрэг хүчин зүйл зэрэг нөлөөлжээ.

Зах зээлд оролцогчид цаашид АНУ-ын инфляцын үзүүлэлт болон Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн талаарх дохиог анхааралтай ажиглаж байна.


Олон улсын зах зээлд газрын тос, үнэт металлын үнэ өслөө  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй