Шууд Chart

Дэлхийн малчид Монгол Улсад чуулж, мэдлэг, туршлагаа солилцож байна

2026-08-11 09:06:33

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил-2026”-ийн хүрээнд “Дэлхийн малчдын чуулган”-ыг энэ сарын 10–15-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж байна.

Чуулганд дэлхийн 102 улсаас 200 шахам малчин, ОУ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Тэд энэ сарын 10–13-ны өдрүүдэд Монголын бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой танилцах хээрийн аялал, бүсчилсэн хэлэлцүүлгүүдэд оролцож эхэллээ. Тухайлбал, Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 123 малчин, албаны төлөөлөгчдийн хамт Хэнтий, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Булган аймгуудыг зорьж, Монгол малчидтай уулзаж, бэлчээр ашиглалт, нүүдлийн мал аж ахуйн уламжлал, малчдын ахуй амьдрал, өв соёлтой газар дээр нь танилцан, өөрсдийн мэдлэг, туршлагаа харилцан солилцож байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаа, зах зээл, залуу үеийн оролцоо, эмэгтэй малчдын эрх, оролцоо зэрэг малчдад нийтлэг тулгамдаж буй асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэж, цаашдын боломж, хамтын шийдлийг эрэлхийлэх юм. Орон нутгийн уулзалт, бүсчилсэн хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн энэ сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн малчдын чуулган”-ы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Нэгдсэн хуралдаанаар малчдын дуу хоолой, туршлагыг дэлхийн түвшинд хүргэх, бүс нутгийн болон сэдэвчилсэн малчдын уулзалтуудаас гарсан гол тунхаглалуудыг эцэслэн батлаж, малчдын хамтын нийгэмлэгүүд болон түншүүдийн хоорондын олон улсын хамтын ажиллагаа, сүлжээ холбоог бэхжүүлэх юм. Улмаар нэгдсэн хуралдааны баримт бичигт туссан малчдын дуу хоолой, санал санаачилгыг СОР-17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр хүргэх юм. Монгол Улс ийнхүү дэлхийн малчдыг нэг дор цуглуулж, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, орчин үеийн шийдэл, сайн туршлагыг харилцан солилцох соронзон орон болж байна.

Энэхүү “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил- 2026” нь бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, малчдын амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг нүүдлийн мал аж ахуйн онцлог, бэлчээрийн тогтвортой байдал, малчдын мэдлэг туршлага, соёл уламжлалыг сурталчилан таниулахад чухал ач холбогдолтой юм.


Дэлхийн малчид Монгол Улсад чуулж, мэдлэг, туршлагаа солилцож байна  
Үзсэн: 55 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй