Шууд Chart

Хятадын Аншань хотод хууль бус гудамжны уралдаанд оролцсон 103 хүнийг саатуулжээ

2026-08-11 12:11:01

Хятадын зүүн хойд хэсгийн Ляонин мужийн Аншань хотод хууль бус гудамжны уралдаан зохион байгуулж, шөнийн цагаар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, замын хөдөлгөөнд саад учруулсан бүлэг залуусыг цагдаагийнхан саатуулжээ.

Уг хэрэг долдугаар сарын 31-ний шөнө Аншань хотын төвд гарсан бөгөөд хотын цагдаагийн байгууллага 240 гаруй алба хаагчийг дайчлан ажиллагаа явуулсан байна. Ажиллагааны үеэр 103 хүнийг саатуулж, хэрэгт холбогдох 61 мотоцикл болон автомашиныг хураан авчээ.

Цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар саатуулагдсан хүмүүсийн дунд өсвөр насныхан байсан бөгөөд зарим нь жолоодох эрхгүй байжээ. Мөн ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдийн дийлэнхийг хууль бусаар өөрчилж, заримыг нь улсын дугааргүйгээр хөдөлгөөнд оролцуулсан талаар мэдээлсэн байна.

Тэд хэд хоногийн турш Аншань хотын Шэнли талбай болон хотын захиргааны орчимд шөнийн цагаар олноороо цугларч, мотоцикл болон автомашинаар өндөр хурдтай давхих, огцом эргэлт хийх зэрэг үйлдэл гаргаж байжээ. Улмаар долдугаар сарын 31-ний шөнө хотын захиргааны өмнөх замд олон хүн цугларснаар замын хөдөлгөөн саатаж, ойр орчмын оршин суугчдын амгалан тайван байдал алдагдсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ явдлын дараа цагдаагийнхан тухайн бүсийн хөдөлгөөнийг хяналтад авч, оролцогчдыг нэг дор саатуулах ажиллагаа зохион байгуулжээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийн үйлдэл болон хураан авсан тээврийн хэрэгслүүдэд хийсэн хууль бус өөрчлөлтийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Энэ ажиллагааны дараа Аншань хотын цагдаагийн байгууллага шөнийн цагаар хууль бус уралдаан хийх, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй өөрчлөх, замын хөдөлгөөн болон олон нийтийн хэв журам алдагдуулах үйлдэлд тавих хяналтаа үргэлжлүүлэхээр болжээ.


Хятадын Аншань хотод хууль бус гудамжны уралдаанд оролцсон 103 хүнийг саатуулжээ  
Үзсэн: 54 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй