Шууд Chart

Сирийн шүүх Башар Ассадад цаазаар авах ял оноожээ

2026-08-12 11:42:05

Сирийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Башар Ассад болон түүний дүү Махер Ассадад хүн амины хэрэг, эрүүдэн шүүх, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган эзгүйд нь цаазаар авах ял оноожээ. Энэ нь Ассадын гэр бүл таван арваны турш Сирид эрх барьсан үе дууссанаас хойш Башар Ассад болон түүний ойрын хүрээнийхэнд оноосон анхны шүүхийн шийдвэрүүдийн нэг болж байна.

Башар Ассад болон Махер Ассад нар 2024 оны арванхоёрдугаар сард Сирийн засгийн газар нуран унасны дараа ОХУ руу дүрвэж, орогнож байгаа тул шүүхийн шийдвэрийг одоогоор хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна. Мөн Ассадын үеийн өөр зургаан албан тушаалтанд эзгүйд нь цаазаар авах ял оноожээ.

Шүүхээс Ассад болон бусад шүүгдэгчдийг урьдчилан төлөвлөсөн аллага, хүүхдүүдийн амь насыг хөнөөсөн хэрэг, эрүүдэн шүүх болон бусад ноцтой хүчирхийлэлд буруутай гэж үзсэн байна. Сирийн шүүгч Фахреддин аль-Ариан Ассад төрийн байгууллагуудыг ашиглан дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгджээ.

Шүүхээс цаазаар авах ял сонссон хүмүүсийн дунд Ассадын үеийн улс төрийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Атеф Нажиб багтжээ. Тэрээр 2011 онд Дараа хотод Засгийн газрын эсрэг уриа бичсэн өсвөр насныхныг баривчилж, эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой. Энэ явдал Сирийн Засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцэл дэгдэх нэг шалтгаан болж, улмаар 14 жил үргэлжилсэн иргэний дайнд хүрсэн юм.

Харин хүний эрхийн зарим байгууллага шүүх ажиллагаа хэт яаравчлагдсан, шударга шүүхийн зарчим хангалттай мөрдөгдөөгүй байж болзошгүй гэж болгоомжилж байна.

Хүний эрхийн ажиглагчид цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцсэн байр сууриа дахин илэрхийлсэн бол Сирийн Шударга ёс, хариуцлагын төв энэ шийдвэрийг шилжилтийн үеийн түүхэн алхам гэж үнэлэхийн зэрэгцээ шүүхийн тогтолцооны сул талыг анхааруулжээ.


Сирийн шүүх Башар Ассадад цаазаар авах ял оноожээ  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй