Балбад сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд шумуулаар дамждаг тархины үрэвсэлт халдварт өвчин болох Японы энцефалитын 37 тохиолдол бүртгэгдэж, дор хаяж есөн хүн нас барсан гэж тус улсын "Катманду Пост” сонин мэдээлсэн байна.
Нас барсан есөн хүний зургаа нь Коши, хоёр нь Мадеш, нэг нь Лумбини мужид бүртгэгджээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагынхан шумуулаар дамжих халдварт өвчний идэвхжил нэмэгдэх үе ойртож байгаа тул халдварын тохиолдол болон нас баралт цаашид нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсан байна.
Балбад Японы энцефалитын халдвар өмнөх жилүүдэд ч өндөр түвшинд бүртгэгджээ. Өнгөрсөн онд тус улсад 182 хүн халдвар авч, 41 хүн нас барсан байна. Халдвар 45 дүүрэгт тархсан бөгөөд бүртгэгдсэн тохиолдлуудын нас баралтын түвшин ойролцоогоор 23 хувь байжээ.
Японы энцефалит нь вирусээр үүсгэгддэг бөгөөд хүнд халдвартай шумуул хазах замаар дамждаг. Ихэнх халдвар хөнгөн эсвэл шинж тэмдэггүй өнгөрдөг ч зарим тохиолдолд тархины үрэвсэл үүсгэн хүндэрч болдог.
Өвчний үед халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрч болох бөгөөд хүндэрсэн үед өндөр халуурах, таталт өгөх, ухаан санаа өөрчлөгдөх зэрэг мэдрэлийн тогтолцооны ноцтой шинж тэмдэг илэрч, амь насанд аюул учруулж болзошгүй.
“Японы энцефалит” гэсэн нэр нь уг өвчнийг Япон улсаас гаралтай гэсэн утга илэрхийлдэггүй. Өвчнийг Японд эртнээс судалж, үүсгэгч вирусийг 1930-аад онд Японы судлаачид ялган тогтоосонтой холбоотойгоор олон улсад ийн нэрлэх болсон юм.
Балбын дархлаажуулалтын мэргэжилтнүүд Японы энцефалитаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь вакцинжуулалт болохыг онцолж, дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийг вакцин хийлгэхийг зөвлөжээ.
| Балбад шумуулаар дамждаг Японы энцефалитын халдвараар есөн хүн нас баржээ | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.