АНУ-ын Цагаачлал, гаалийн алба ажилтнуудаа хүнийг цахилгаанаар цохиж, хөдөлгөөнийг нь хязгаарлах зориулалттай тусгай бээлийгээр тоноглохоор төлөвлөж байгаа ажээ. Тус байгууллага ийм төрлийн хэрэгсэл худалдан авахад 10-20 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн талаар “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээлэв.
Уг бээлий нь гаднаас харахад хууль сахиулагчдын хэрэглэдэг хамгаалалтын энгийн бээлийтэй төстэй. Харин цахилгаан горимыг идэвхжүүлсний дараа ажилтан өөр хүнтэй хүрэлцэх үед цахилгаанаар цохих боломжтой бөгөөд эсэргүүцэл үзүүлж буй хүнийг хяналтад авахад ашиглах зориулалттай байна.
Үйлдвэрлэгчийн мэдээлснээр бээлийг зөвхөн шаардлагатай нөхцөлд, зохих сургалтад хамрагдсан ажилтан хэрэглэх ёстой. Мөн бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настай болон зарим төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэрэглэхгүй байхыг зааварт тусгажээ. Түүнчлэн хүнийг шийтгэх, айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх зорилгоор цахилгаанаар цохихыг хориглодог байна.
Гэвч ийм хэрэгслийг хууль сахиулах ажиллагаанд өргөнөөр нэвтрүүлэх нь буруугаар ашиглах эрсдэлтэй гэж хүний эрхийн байгууллагууд болон зарим хууль тогтоогч болгоомжилж байна.
Учир нь 2024 онд Кентакки мужийн хорих газарт 43 настай эрэгтэйд уг бээлийг 27 удаа, өөр цахилгаанаар цохидог хэрэгслийг 13 удаа хэрэглэсний дараа нас барсан тохиолдол гарчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дотоод шалгалтаар зарим цахилгаан үйлчлэл үйлдвэрлэгчийн зөвлөснөөс удаан үргэлжилсэн нь тогтоогдсон байна. Гэхдээ тухайн хүний үхэлд бээлийн хэрэглээ шууд нөлөөлсөн эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны зүгээс хууль сахиулагчдын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай тоног төхөөрөмж, шинэ технологийг тогтмол үнэлдэг бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэх аливаа хэрэгсэл холбогдох дүрэм, стандартад нийцсэн байх ёстой гэж тайлбарлажээ.
| АНУ-ын цагаачлалын алба ажилтнуудаа цахилгаанаар цохидог бээлийгээр зэвсэглэхээр төлөвлөжээ | ||
| Үзсэн: 56 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.