Шууд Chart

C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ

2026-08-13 10:09:39

Монгол Улс, БНХАУ-ын агаарын тээврийн хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг нээж, Хятад улсад зохион бүтээж үйлдвэрлэсэн том оврын “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, Бээжин-Улаанбаатар чиглэлийн “CA723” нислэгээ амжилттай үйлдэж, “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд газардлаа.

Энэ нь БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн уг хөлгийн түүхэн дэх хамгийн анхны олон улсын тогтмол нислэг болж байна. Энэхүү түүхэн нислэгийг “Air China” компани гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотод газардах үед нь "Усан хаалга"-ны хүндэтгэлийн ёслолоор угтан авлаа

Нээлтийн үйл ажиллагаанд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн буюу түр хамаарагч Цао Ли, “Air China” компанийн удирдлага, Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Туяа, ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр, “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ “Энэ бол зөвхөн шинэ төрлийн агаарын хөлөг ашиглаж эхэлж байгаа хэрэг бус, харин хоёр орны хамтын ажиллагаа, итгэлцэл, харилцан холбогдох хөгжлийн шинэ шатанд гарч буйг илэрхийлсэн үйл явдал юм” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улс, БНХАУ-ын хоорондын агаарын харилцааны эрх зүйн үндэс 1989 онд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрээр тавигдаж, 1991 онд “Air China” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдэн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй.

Өдгөө хоёр улсын хоорондын нислэгийн давтамж долоо хоногт 28 болж нэмэгдсэн нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, бизнес болон иргэд хоорондын харилцаа улам өргөжиж буйн илэрхийлэл юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн бөгөөд Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ C919 агаарын хөлгийн олон улсын анхны нислэгээр Монгол Улсыг сонгосон нь хоёр орны иргэдийн харилцаа, харилцан холбогдох байдал улам бүр гүнзгийрч буйн илэрхийлэл болохыг онцоллоо.

Мөн тэрээр энэ оны долдугаар сарын байдлаар БНХАУ-аас Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 150 мянгад дөхөж, сүүлийн гурван жил дараалан өссөн үзүүлэлттэй байгааг дурдан, C919 онгоц хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн, аялал жуулчлалын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрээр C919 нисэх онгоц нь БНХАУ-ын иргэний агаарын хөлгийн үйлдвэрлэл, технологийн шинэчлэл, инновацын чадавхыг илэрхийлсэн шинэ үеийн магистраль зорчигч тээврийн онгоц юм. Тус агаарын хөлгийг олон улсын тогтмол нислэгт нэвтрүүлж эхэлсэн нь Хятад улсын агаарын хөлгийн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн шинэ үеийг харуулж байна гэсэн юм.

Мөн Дэд тэргүүн Цао Ли Монгол Улсад үүсээд буй шатахууны нөхцөл байдал хүндрэлтэй энэ үед Хятадын талаас онгоцны түлш нийлүүлж эхэлсэн талаар дурдлаа. Түүний мэдээлснээр эхний 1000 тонн онгоцны түлш Улаанбаатарт ирсэн бөгөөд дараагийн нийлүүлэлт эхэлсэн байна.


C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй