Шууд Chart

“Торгоны замын жингийн цуваа”: Архангай аймгийн Булган суманд малчид, олон улсын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо

2026-08-13 11:01:47

“Торгоны замын жингийн цуваа” олон улсын баг аяллын дөрөв дэх өдрөө Архангай аймгийн Булган суманд "Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил (IYRP 2026)"-ийн хүрээнд зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлэгт Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн малчид болон гадаадын төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцож, “Залуу малчны тунхаг”-ийг хэлэлцэн, санал туршлагаа солилцов.


Оролцогчид жилийн бусад улиралд өнжөөж, зөвхөн өвөл ашигладаг өвөлжөөний бэлчээрт очиж, өвс ургамлын гарцыг улирлын онцлогт тохируулан хамгаалдаг малчдын сайн туршлагатай танилцсан юм. Дараа нь Булган сумын төвд нутгийн уламжлалт соёлын үзүүлбэр, үндэсний бөхийн барилдаан сонирхож, орон нутгийн иргэдтэй чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Арга хэмжээний үеэр “Торгоны замын жингийн цуваа”-нд оролцож буй Өвөрхангай аймгийн Сант сумын II багийн Улсын аварга малчин Т.Гандэлгэртэй ярилцлаа. Тэрээр "Цөлжилт, ган, уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Монголын малчид, мэргэжлийн байгууллагууд болон олон улсын төлөөлөгчид нэг дор цуглаж, туршлага солилцож байгаа нь маш чухал ач холбогдолтой.

Мөн ийм уулзалт, хамтын ажиллагааг нэг удаагийн арга хэмжээ болгоод өнгөрөх бус, цаашид тасралтгүй үргэлжлүүлж, сурсан мэдсэнээ бодит ажил хэрэг болгох нь үр дүнд хүрэх үндэс юм" хэмээн онцолсон юм.

Ийнхүү аяллын дөрөв дэх өдөр малчдын уламжлалт мэдлэг, олон улсын туршлага, хамтын хэлэлцүүлэг нэг дор огтлолцсон үр өгөөжтэй үйл явдлаар дүүрэн өндөрлөлөө.


“Торгоны замын жингийн цуваа”: Архангай аймгийн Булган суманд малчид, олон улсын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй