Шууд Chart

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ

2026-08-13 14:53:12

Монгол Улсын санаачилгаар дэлхий нийтээр 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлах тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталж, одоогийн байдлаар дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжиж нэгдээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 12 дугаар сард Ром хотноо "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн албан ёсны нээлтэд оролцсон юм. Тэрбээр, Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол болж батлагдсан нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг энэ үеэр илэрхийлсэн юм.

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт бүс нутгийн хэлэлцүүлэг, чуулган зохион байгуулагдаад байна.

Энэхүү жилийн оргил үйл ажиллагаа болох "Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган, бага хурал"-ыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээнд дэлхийн 102 орны нүүдэлчид болон нүүдэлчдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч 240 орчим зочид, Монгол Улсаас 100 малчин оролцох юм.

Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмин Фуад /Dr. Yasmine Fouad/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ дэд захирал, Мал аж ахуй, эрүүл мэндийн хэлтсийн захирал Тханават Тиенсин /Thanawat Tiensin/, НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин зохицуулагч Яап Ван Хирден /Jaap Van Hierden/ тэргүүтэй төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.

Нэгдсэн чуулганаас өмнө энэ сарын 09-нөөс эхлэн Хэнтий, Говьсүмбэр, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн сумдад хээрийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд нэгдсэн чуулганаар батлах тунхаглалын төслүүдийг хэлэлцэж, оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэн, монгол малчдын амьдрал, уламжлалт бэлчээрийн менежменттэй газар дээр нь танилцаж байгаа юм.

Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж, 200 гаруй сая хүн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн эдийн засаг хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чухал хувь нэмрээ оруулдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, газар ашиглалт, зах зээл, нийгмийн үйлчилгээнээс алслагдах зэрэг олон сорилттой тулгарч байгаа. Тиймээс энэхүү сорилтуудыг даван туулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цагаан алт, Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн тогтолцоогоор хүнсний аюулгүй байдлыг хангах, малын түүхийн эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.


Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй