Шууд Chart

Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ

2026-08-14 08:26:33

Йеменд хэдэн жилийн турш харьцангуй намжмал байсан зэвсэгт мөргөлдөөн дахин хурцдах эрсдэл нэмэгдэж байна. Хуситууд сүүлийн үед Засгийн газрын хүчний байрлал, Улаан тэнгисийн боомт, худалдааны хөлөг онгоц болон Саудын Арабын газрын тосны байгууламжийг чиглэсэн халдлагаа эрчимжүүлсэн талаар “Аль Жазира” мэдээлжээ.

Йеменд 2014 онд хуситууд нийслэл Сана хотыг хяналтдаа авснаар Засгийн газрын хүчинтэй зэвсэгт мөргөлдөөн эхэлж, дараа жил нь Саудын Араб тэргүүтэй эвсэл дайнд оролцсон юм. Олон жил үргэлжилсэн мөргөлдөөний эрчим 2022 онд НҮБ-ын зуучлалтай гал зогсоох тохиролцооны дараа буурсан ч талууд өнөөг хүртэл улс төрийн иж бүрэн энхийн хэлэлцээр байгуулж чадаагүй байна. Ийм эмзэг нөхцөлд сүүлийн үеийн халдлагууд дахин өргөн хүрээний тулаанд хүргэж болзошгүйг шинжээчид анхааруулжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт хуситууд Йемений Засгийн газрын хяналтад байдаг цэргийн байрлалуудад пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгч, олон арван цэрэг амь үрэгдсэн байна. Мөн Улаан тэнгисийн эрэг дэх Аль-Маха боомт халдлагад өртөж, энгийн иргэд амиа алджээ.

Хурцадмал байдал далайн тээвэрт ч нөлөөлж эхэлсэн байна. Хуситууд стратегийн ач холбогдолтой Баб-эль-Мандебын хоолойд худалдааны хөлөг онгоц руу халдсан бөгөөд уг халдлагын үеэр хүний амь эрсдэж, шархадсан тохиолдол гарчээ. Хуситууд тухайн хөлөг онгоцыг зэвсэг тээвэрлэж байсан гэж тайлбарласан байна.

Мөн мөргөлдөөн Йемений хилээс давж, Саудын Арабын нутаг дэвсгэрт хүрчээ. Хуситууд тус улсын Жазан дахь газрын тосны байгууламжийг онилж, улмаар Саудын Арабын эсрэг далайн бүслэлт зарласан нь Улаан тэнгисээр дамжих газрын тос болон олон улсын худалдааны тээвэрт шинэ эрсдэл бий болгож байна.

Энэ нөхцөлд Баб-эль-Мандебын хоолойн аюулгүй байдал онцгой анхаарал татаж байгаа юм. Уг хоолой нь Улаан тэнгисийг Адены булан, цааш Энэтхэгийн далайтай холбодог дэлхийн худалдааны стратегийн чухал гарцын нэг. Энд аюулгүй байдал алдагдвал зөвхөн Йемен, Саудын Араб төдийгүй Улаан тэнгисээр дамжих олон улсын худалдаа, эрчим хүчний тээвэрлэлтийн урсгалд нөлөөлөх эрсдэлтэй.

Хуситуудын ажиллагаа өргөжиж буйтай холбоотойгоор Саудын Араб Улаан тэнгисийн усан замын аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр оролдож байна. Эр-Рияд энэ чиглэлээр шинэ эвсэл байгуулах санаачилга гаргаж, Пакистан, Турк болон АНУ зэрэг түншүүдтэй аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа идэвхжүүлж буй талаар “Аль Жазира” мэдээлжээ.

Гэхдээ энэ нь Саудын Араб Йемений дайнд дахин өргөн хүрээгээр шууд оролцоно гэсэн үг биш гэж шинжээчид үзэж байна. Эр-Рияд олон жил үргэлжилсэн дайнд дахин татагдахаас зайлсхийх сонирхолтой байгаа ч хуситууд Саудын Арабын нутаг дэвсгэр болон Улаан тэнгис дэх ажиллагаагаа үргэлжлүүлбэл нөхцөл байдал өөрчлөгдөх магадлалтай.

Нөгөө талд хуситуудын сүүлийн үеийн ажиллагааг Йемений Засгийн газрын хүчнийг болзошгүй довтолгоо эхлүүлэхээс өмнө сулруулж, хамгаалалтын байрлалд оруулах зорилготой байж болзошгүй гэж шинжээчид тайлбарлажээ. Иймээс одоогийн мөргөлдөөн тус тусдаа халдлагаар хязгаарлагдах уу, эсвэл 2022 оноос хойш тогтсон эмзэг тэнцвэрийг эвдэж Йемений иргэний дайныг дахин өргөн хүрээнд өдөөх үү гэдэг нь гол анхаарал татсан асуудал болоод байна.

Олон жил үргэлжилсэн дайны улмаас Йемен дэлхийн хамгийн хүнд хүмүүнлэгийн хямралын нэгийг туулсан. Тиймээс зэвсэгт мөргөлдөөн дахин өргөжвөл хамгийн хүнд үр дагаврыг энгийн иргэд амсах эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна.


Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй