Шууд Chart

Хар тугалга агуулсан будгийн эрсдэлийг бууруулах асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэв

2026-08-14 11:13:41

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Монгол Улсад будгийн найрлага дахь хар тугалганы агууламжийг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Хар тугалга агуулсан будгийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл, олон улсын түвшинд хэрэгжиж буй арга хэмжээ, нийт хар тугалганы агууламжийн 90 ppm-ийн босго үзүүлэлт, Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, стандарт, импорт болон зах зээлийн хяналтын тогтолцоо, мөн зах зээлийн судалгааны үр дүн болон цуглуулсан будгийн дээжийн шинжилгээний талаар холбогдох талууд санал солилцов.

Монгол Улсын 2024 оны эрхзүйн орчны үнэлгээнд дурдсан 2017 оны судалгаагаар шинжилгээнд хамрагдсан 56 төрлийн будгийн 39-д нь хар тугалганы агууламж 90 ppm-ээс давсан, үүнээс 11 төрлийн будгийн хар тугалганы агууламж 10,000 ppm-ээс дээш гарсан байдаг.

Иймд будаг болон түүнтэй адил төрлийн бүрэх материалын аюулгүй байдлын талаар Засгийн газрын техникийн зохицуулалт боловсруулах боломжийг хэлэлцэв.

Санал болгож буй зохицуулалтад нийт хар тугалганы агууламжийг 90ppm-ээр хязгаарлах, түүнчлэн бүтээгдэхүүний шинжилгээ, тохирлын үнэлгээ, хаягжилт, хилийн хяналт болон зах зээлийн тандалт, хяналтыг цогцоор нь хэрэгжүүлэхээр тусгаж байна.

Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори, ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн, Стандартчилал хэмжилзүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Гаалийн төв лаборатори, ШУТИС, МУИС-ийн Инженер Технологийн Сургууль, Ногоон титэм ХХК төлөөлөл оролцов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Хар тугалга агуулсан будгийн эрсдэлийг бууруулах асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэв  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй