Шууд Chart

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна

2026-08-14 15:13:25

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт хагас жилийн тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн тайлангийн хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дэд дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцож, 2026 оны эхний хагас жилээ дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлж буй дөрвөн тулгуурт “Чөлөөлье” бодлогын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд “зангилагдаж” буйг онцоллоо.

Түүнчлэн хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдаж, ил тод байдал, хяналт хариуцлагын тогтолцоо сайжрах, иргэдэд ирэх баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэлийн суурь бүрдснийг тодотгов.

Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны тайланг дарга, удирдлагууд өөрсдөө хянаж, хэлэлцэх биш, ард түмний төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, иргэд нээлттэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж буйг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэллээ.

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын бүтэц орон тоог оновчилж, давхардал, хийдлийг арилгаснаар “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн 14 компанийн 260 орон тоог цөөлж, захиргаа, түрээсийн зардлыг бууруулан 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.

Тайлангийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр цаашид анхаарч ажиллах хэд хэдэн асуудлыг цохон тэмдэглэв. Үүнд,
-Төрийн өмчит компаниудын санхүүгийн зөрчлүүдийг арилгаж, сахилга хариуцлагыг чангатгах;
-Төрийн өмчит компаниуд шинээр байр, оффис худалдан авахыг хориглох, тэвчиж болох урсгал зардлуудыг танах;
-Төрийн хөрөнгийн менежментийг сайжруулж, оновчтой зохион байгуулалт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах;
-Шинэ хууль эрх зүйн зохицуулалтад туссан үйлдвэрлэлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах зэрэгт идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  


“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй