Шууд Chart

Боловсролын яам, OneSky байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-08-15 12:12:48

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "OneSky" байгууллагын Ерөнхий захирал Морган Ланс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, бага насны хүүхдийн хөгжил, гэр бүлийн оролцоо, багш, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сургалтууд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

"OneSky" байгууллага нь 2020 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, хүүхэд хамгаалал, асрамж халамжийн чиглэлээр хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Эдгээр үйл ажиллагаа нь бага насны хүүхдийн хөгжилд эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Уулзалтын үеэр Боловсролын яам болон "OneSky" байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах асуудлаар санал солилцож, цаашид хамтын ажиллагааг илүү тогтвортой, үр дүнд чиглэсэн байдлаар өргөжүүлэхээр тохиролцов.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэх, цэцэрлэгийн багш, ажилтнуудыг давтан сургаж, улмаар цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан эцэг, эх, асран хамгаалагчдад сургалт, зөвлөгөө хүргэх тогтолцоог хөгжүүлэхэд анхаарна.

Түүнчлэн 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд багшийн туслах болон бусад ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд хамгаалал болон хүүхэдтэй ажиллах арга зүйг сайжруулах, эцэг, эхтэй хамтран ажиллах үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр "OneSky" байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцсон.

Боловсролын яамны зүгээс бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд багшийн чадавх, гэр бүлийн оролцоо, чанартай сургалт, асаргаа халамжийн үйлчилгээг уялдуулан хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж, "OneSky" байгууллагын олон улсын болон Монгол Улсад хуримтлуулсан туршлагыг цаашдын хамтын ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.  


Боловсролын яам, OneSky байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 58 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй