Шууд Chart

Бэлчээрийн хүлэмжийн хийн тооллого, мэдээллийн бааз байгуулах асуудлыг хэлэлцэв

2026-08-15 14:16:45

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үндэсний хэмжээнд зохицуулах байгууллагын үүрэг, оролцоо, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох уулзалтыг Цаг уур, орчны шинжилгээний газар зохион байгууллаа.

Уулзалтаар хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтийн төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцож, карбон кредит тооцох, бүртгүүлэх, баталгаажуулах болон нүүрстөрөгчийн зах зээлд оролцохтой холбоотой зохицуулалтын асуудлыг хэлэлцэв.

Мөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага болон үндэсний зохицуулагч байгууллагын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр бэлчээрийн хүлэмжийн хийн тооллого, мэдээллийн бааз байгуулах, Азийн Хөгжлийн Банкны Аймаг Сумдын ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн хүлэмжийн хийн үндэсний инвентори байгуулах, бэлчээрийн карбон шингээлт, ялгаруулалтыг хэмжих, тайлагнах үндэсний аргачлалыг боловсруулах, хэрэгжүүлэх техник туслалцааны төсөл, SCALA төсөл, Нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл, Ойн санхүүжилтийн төсөл, “Ногоон хүртээмжтэй хотууд” төсөл, "Монгол Улсад Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг хангах нь" CBIT2 төсөл болон ҮТХН-ийн хэрэгжилтийн хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцооны дэд бүтцийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс танилцууллаа.

Уулзалтад БОУАӨЯ, ЦУОШГ, УЦУОСМХ-ийн төлөөлөл болон төслийн зохицуулагчид оролцлоо.


Бэлчээрийн хүлэмжийн хийн тооллого, мэдээллийн бааз байгуулах асуудлыг хэлэлцэв  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй