Монголын Үндэсний музейд “Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн ертөнц: Уур амьсгалын өөрчлөлт ба орчин үеийн сорилтыг даван туулахуй” үзэсгэлэн 2026 оны наймдугаар сарын 21-ээс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Монгол, Италийн найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэн нь “The Camps of Mongolian Nomads – An Interdisciplinary Perspective” төслийн нэг хэсэг юм.
Үзэсгэлэнгээр Монголын тал нутаг болон Италийн хөдөө, уулын бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуй, малчдын ахуй амьдрал, уламжлалт мэдлэг, хүн, мал, байгалийн харилцан хамаарлыг харьцуулан үзүүлнэ.
Археологи, угсаатны зүйн судалгаа, гэрэл зураг, малчдын түүх, өгүүлэмжээр дамжуулан хоёр орны бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй орчин үеийн сорилтыг хөндөх аж. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, газрын хуваагдал, хөдөө орон нутгийн хүн амын бууралт уламжлалт мал аж ахуйд хэрхэн нөлөөлж байгааг танилцуулна.
Үзэсгэлэнг Италийн Этно-археологийн холбоо, Газар дундын тэнгис болон Дорно дахины судлалын олон улсын холбоо, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ЮНЕСКО-ийн ивээл дор хэрэгжүүлж байна.
Тус үзэсгэлэнг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17, мөн НҮБ-аас зарласан Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил-ийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Зохион байгуулагчид бэлчээрийн мал аж ахуйг зөвхөн өвлөгдөн ирсэн уламжлалт амьдралын хэв маяг бус, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд тогтвортой амьдрах ирээдүйн нэг боломж гэдгийг үзэсгэлэнгээр онцлон харуулахыг зорьжээ.

| Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйг харьцуулсан үзэсгэлэн болно | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.