Шууд Chart

Өмнөд Солонгосын цэрэг хил дээр анхааруулах гал нээжээ

2026-08-17 16:08:32

Өмнөд Солонгосын цэргийнхэн цэргийн хилийн шугамыг давсан Хойд Солонгосын цэрэгт анхааруулах гал нээсэн талаар Ёнхап агентлаг наймдугаар сарын 16-нд Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Хойд Солонгосын цэргүүд энэ долоо хоногийн эхээр Солонгосын хойгийн зүүн хэсэг дэх цэргийн хилийн шугамыг давсан байна. Үүний дараа Өмнөд Солонгосын цэргийнхэн тогтоосон журмын дагуу анхааруулга өгч, анхааруулах гал нээжээ.

Хойд Солонгосын цэргүүд удалгүй хилийн шугамын хойд тал руу буцсан бөгөөд үүнээс хойш тухайн бүсэд ер бусын хөдөлгөөн ажиглагдаагүй байна. Өмнөд Солонгосын тал тэднийг тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Энэ нь 2026 он гарснаас хойш Хойд Солонгосын цэргүүд цэргийн хилийн шугам давсантай холбоотойгоор Өмнөд Солонгосын цэрэг анхааруулах гал нээсэн анхны тохиолдол болж байна.

Хойд Солонгос 2023 оны сүүлээр хоёр Солонгосын харилцааг “дайсагнагч хоёр улсын харилцаа” хэмээн тодорхойлсноос хойш хоёр улсын хилийн орчим дахь бэхлэлтээ эрчимтэй нэмэгдүүлсэн юм.

Хойд Солонгосын цэргүүд 2024-2025 онд хилийн бүсэд мина тавих, хана болон бусад хамгаалалтын байгууламж барих зэрэг ажил гүйцэтгэх үеэр цэргийн хилийн шугамыг санамсаргүй давсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байв. Ёнхапын мэдээлснээр 2025 онд ийм тохиолдол 17 удаа бүртгэгдсэн байна.

Хоёр Солонгосыг заагладаг цэргийн хилийн шугамын зарим хэсэгт тэмдэглэгээ тодорхой бус байдаг бөгөөд өмнөх тохиолдлуудын заримыг Өмнөд Солонгосын цэргийнхэн санаатай хил зөрчсөн үйлдэл гэж үзээгүй аж.


Өмнөд Солонгосын цэрэг хил дээр анхааруулах гал нээжээ  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй