Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Олон улсын томоохон хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангаж, яаралтай тусламжийн зохион байгуулж цэнхэр болон ногоон бүсэд эмнэлгийн тусламжийн 4 цэг ажиллаж байна.
Тодруулбал, УНТЭ, УХТЭ, МЯСЭ, НТТТ болон бусад эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хурлын оролцогч, төлөөлөгч, зочин, ажилтан, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа аж.
Хурлын өдрүүдэд эмнэлгийн баг газар дээр нь үзлэг, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд анхан болон яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэн, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах, цаашид нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнийг дараагийн шатлалын эмнэлгийн байгууллагад шуурхай шилжүүлэн хүргэх зохион байгуулалтаар ажиллаж байгаа аж.
Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна. Эмнэлгийн тусламжийн цэг 5 эмч гурван сувилагч эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр 1 эмнэлгийн нэгж, 2 хөдөлгөөнт эмнэлгийн баг, дүрс оношилгоо болон лабораторийн хэсгийг ажиллуулж, гамшиг, ослын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
УТНЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн эмч Б. Тамир "Эхний өдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр 14 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Ногоон бүсийн нээлт болж, иргэдийн хөдөлгөөн нэлээд нэмэгдэж, 31 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.
Оношилгооны лаборатори дээр нэг хүн, дүрс оношилгоо дээр 4 хүн үзүүлсэн. Хоёр оношилгооны машины шаардлагатай үед хэрэглэж байгаа. Мөн гурван өвчнийг түргэний тэргээр дараа шатлалын эмнэлэг рүү тээвэрлэлт хийсэн.
Бусад хүмүүс эмчилгээ үйлчилгээ үзүүлээд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байгаа. Иргэдийн хувьд ходоод гэдэсний хямрал, толгой өвдөх, хөл гарын гэмтэл зэргээр хандаж байгаа. Хөдөлгөөн цэг дээр нийтдээ 15 хүн үйлчлүүлсэн. Ногоон бүсээр үйлчлүүлж байгаа иргэд ямар нэгэн эмнэлгийн тусламж авах шаардлага гарвал хамгийн ойр байгаа хөдөлгөөнт цэг дээр очиж үйлчилгээ авахыг зөвлөж байна” гэдгийн онцоллоо.
| COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна | ||
| Үзсэн: 182 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.