Шууд Chart

Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа

2026-08-19 17:00:08

COP17-ын "Ногоон бүс"-ийн Conference hall-д өнөөдөр "Дэлхийн хүнсний форум-Монгол" хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв. 

Тэрбээр энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдсаныг COP17-ын хүндтэй индрээс албан ёсоор зарлаж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодит залуучуудын бодит оролцоо, санаачилга, манлайлал, шинэ технологи, инновац шингэсэн үйлдвэрлэл, бүтээлч ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.

Дэлхийн хүнсний форумын дэргэдэх энэхүү зөвлөл ХХААХҮ-ийн салбар дахь залуучуудын бодит оролцооны платформ болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 

НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал дэлхий нийтийн хийгээд улс орны тулгамдсан асуудлууд, бэлчээр, мал аж ахуй, амьжиргааны өөрчлөлт, нүүдэлчдийн өв соёл зэрэг олон сэдвээр залуучууд дуу хоолойгоо хүргэхэд өнөөдөр байгуулагдаж байгаа залуучуудын зөвлөл чухал үүрэгтэй гэдгийг хэллээ. 

НҮБ-ын ХХААБ-ын Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөлийн тэргүүн Г.Пагмасүрэн зөвлөлийнхөө үйл ажиллагааны зорилго, чиглэлийг танилцуулж, хийхээр төлөвлөсөн зарим ажлынхаа талаар мэдээлэл хүргэв.

Нийтэлсэн: COP17 Mongolia

Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй