Шууд Chart

Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой

2026-08-20 07:39:19

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр наймдугаар сарын 19-нд аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай цахимаар хуралдаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл, улсын төсөвт тусгах шаардлагатай 205 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн бөгөөд тэдгээрийг холбогдох яамдад хуваарилан шийдвэрлэж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээтэй холбоотой 48 төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ.

Булган аймагт дулааны цахилгаан станцын тарифын зохицуулалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэж, хоёр зуух бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Эрчим хүчний яам хэрэглэгчийн тарифын зохицуулалтаас үүссэн авлагын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа мэдээлэв.

Дорнод аймаг авто замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилт, Говьсүмбэр аймаг дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэг, замын ажлын асуудлаа танилцуулжээ. Харин Хөвсгөл аймаг 2019 оноос баригдаж буй 100 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсөвт тусгуулах санал хүргүүлсэн байна.

Орхон аймаг дулааны шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагыг хөндсөн бол Өмнөговь аймаг орон нутагт санхүү, худалдан авах ажиллагааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хадлангийн үеийн шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлыг тавьжээ.

Мөн Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний голомттой холбоотой зардлыг баримт, тооцоог нэгтгэсний дараа шийдвэрлэхээр болсон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөвсгөл, Архангай аймагт 2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын ажлын он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа мэдээлжээ.

Шадар сайд Н.Номтойбаяр жил бүр давтагддаг, шийдэлгүй явсаар ирсэн асуудлыг нэг мөр цэгцлэх шаардлагатайг онцолж, бүх асуудлыг улсын төсвөөс санхүүжүүлэх хандлагаас татгалзахыг аймгуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Тэрбээр орон нутгууд дотоод нөөц боломж, хувийн хэвшлийн оролцоо болон бусад санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах шаардлагатайг сануулж, Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай аймгийг өөрсдийн боломжоо ашиглан асуудлаа шийдвэрлэж буй сайн жишээ хэмээн дурдсан байна.

Мөн дутуу гүйцэтгэлтэй спорт цогцолбор, усан бассейн зэрэг төслийг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, үлдсэн санхүүжилтийг өөр эх үүсвэрээр шийдэх боломжийг эрэлхийлэх чиглэл өгчээ.

Засгийн газар “Чөлөөлье” бодлогын хүрээнд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа тул орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжиж, шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэх ёстойг Шадар сайд онцоллоо.


Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой  
Үзсэн: 54 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй