Шууд Chart

АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 40 их наяд ам.доллар давлаа

2026-08-20 11:33:34

АНУ-ын улсын өр 2026 оны наймдугаар сарын 19-нд 40 их наяд ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Ассошиэйтед Прессийн мэдээлснээр энэ нь улсын өр 39 их наяд ам.долларт хүрснээс ердөө таван сарын дараах шинэ дээд үзүүлэлт юм.

АНУ-ын өр 2025 оны аравдугаар сард 38 их наяд, 2026 оны гуравдугаар сард 39 их наяд ам.долларт хүрч байсан бөгөөд сүүлийн арван сарын хугацаанд хоёр их наяд ам.доллароор нэмэгджээ. Холбооны төсвийн орлогоос давсан зарлага, батлан хамгаалах зардал, Нийгмийн даатгал, Medicare зэрэг хөтөлбөр, мөн өрийн хүүгийн төлбөр өсөж байгаа нь өр нэмэгдэх гол хүчин зүйлсийн нэг болж байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Куш Десай Трампын засаг захиргаа холбооны төсвийн үрэлгэн зардал, залилан, зөрчлийг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, өрийн ДНБ-д эзлэх хувийг бууруулахад анхаарч буйг мэдэгджээ.

Харин төсөв, өрийн асуудал судалдаг байгууллагууд улсын өрийн өсөлт иргэдэд бодитоор нөлөөлж эхэлснийг анхааруулж байна. Өндөр өр нь ипотекийн болон автомашины зээлийн хүү өсөх, бизнесийн хөрөнгө оруулалт хумигдах, бараа үйлчилгээний үнэ нэмэгдэх зэрэг дарамтыг бий болгох эрсдэлтэй гэж үзжээ.

АНУ-ын Засгийн газар Конгрессоос тогтоодог өрийн дээд хязгаартай. Одоогийн дээд хэмжээ 41.1 их наяд ам.доллар бөгөөд Хоёр намын бодлогын төвийн тооцоогоор 2027 оны өвлийн сүүлээс зуны дунд үеийн хооронд энэ хязгаарт хүрч болзошгүй. Тэр үед Конгресс өрийн дээд хэмжээг дахин нэмэх эсвэл түр түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх шаардлагатай болно.

Ассошиэйтед Прессийн мэдээлснээр АНУ-ын өрийн өсөлт нэг засаг захиргааны үед бий болсон асуудал биш. Сүүлийн хэд хэдэн Ерөнхийлөгчийн үед төсвийн зарлага орлогоосоо давж, цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих томоохон зээллэгүүд болон сүүлийн үеийн татвар, зарлагын бодлого өрийг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.


АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 40 их наяд ам.доллар давлаа  
Үзсэн: 56 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй