Шууд Chart

АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилтын хугацааг зургаан өдрөөр богиносгов

2026-08-20 16:07:25

АНУ, БНСУ-ын жил бүр зохион байгуулдаг “Ulchi Freedom Shield 2026” хамтарсан цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-нд эхэлсэн. Анх 27-ныг хүртэл үргэлжлэхээр төлөвлөсөн сургуулилтыг наймдугаар сарын 21-нд дуусгахаар хугацааг нь наашлуулжээ.

БНСУ-ын тал сургуулилтын үргэлжлэх хугацаа болон цар хүрээг АНУ-ын талын саналын дагуу өөрчилсөн гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Энэ шийдвэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд БНСУ-тай хийх хамтарсан сургуулилтын цар хүрээг багасгах чиглэл өгсний дараа гарчээ. Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай “маш сайн харилцаатай” гэдгээ онцолж, сургуулилтын өртөг өндөр байгааг мөн шүүмжилсэн.

АНУ, БНСУ-ын цэргийн удирдлага сургуулилт эхлэхийн өмнө энэ жилийн ажиллагааг өмнөх оныхтой ижил цар хүрээнд зохион байгуулж, БНСУ-ын 18 мянга орчим цэргийн алба хаагч оролцохоор төлөвлөснийг мэдээлж байв. АНУ БНСУ-д 28,500 орчим цэргийн алба хаагч байршуулдаг.

Харин БНАСАУ-ын Гадаад хэргийн яам “Ulchi Freedom Shield” сургуулилтыг “түрэмгий дайнд бэлтгэж буй хэрэг” хэмээн шүүмжилжээ. Пёньян АНУ, БНСУ-ын хамтарсан сургуулилтыг өөрийнх нь эсрэг чиглэсэн цэргийн ажиллагааны бэлтгэл гэж үздэг бол Вашингтон, Сөүл хамгаалалтын бэлэн байдлыг хангах зорилготой гэж тайлбарладаг.

Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Truth Social хуудсандаа сургуулилтыг өндөр өртөгтэй, зардлын ихэнхийг АНУ хариуцдаг гэж шүүмжилсэн. Түүнчлэн өөрийг нь Ерөнхийлөгч байх үед АНУ-д аюул занал учруулаагүй, хүндэтгэлтэй хандаж ирсэн Хойд Солонгост ийм сургуулилт “дайсагнасан дохио” өгч байна гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Ийнхүү наймдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэхээр төлөвлөсөн энэ удаагийн хамтарсан сургуулилтыг зургаан өдрийн өмнө өндөрлүүлэхээр болжээ.


АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилтын хугацааг зургаан өдрөөр богиносгов  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй