Шууд Chart

COP17: Монгол Улс “Ойн санхүүжилт” (Finance for Forests) төслийг албан ёсоор эхлүүллээ

2026-08-20 16:33:24

Европын Холбооны санхүүжилттэйгээр Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт болон Ойн газрын хамтран хэрэгжүүлж буй “Finance for Forests” буюу “Ойн санхүүжилт” төслийг өнөөдөр Монгол Улсад албан ёсоор эхлүүллээ.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр Монгол Улсын Ойн газар болон ДДНХИ-ийн хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Монголын ойн салбарын тогтвортой санхүүжилтийн шинэ шатны хамтын ажиллагааны үндсийг тавив.

Арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Европын Холбоо, ДДНХИ, Ойн газар, олон улсын хөгжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд болон ойн салбарын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээний үеэр Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институтийн Азийн бүсийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ноён Жэсон Ли үг хэлэхдээ, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Finance for Forests” (F4F) хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор эхлүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү санаачилгыг дэмжсэн Европын Холбоо, Монгол Улсын Засгийн газар, Ойн газар болон бүх түнш байгууллагуудад талархал илэрхийллээ.

Тэрээр Монгол Улс ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хөгжүүлэх чиглэлээр өндөр зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилтээс гадна, одоо байгаа нөөцийг илүү үр ашигтай ашиглах, төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шинэ механизм шаардлагатайг онцлов.

“Ойн санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс ой хамгаалал, нөхөн сэргээлт, тогтвортой ойн менежментэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлнэ. Үүний зэрэгцээ ногоон бонд, холимог санхүүжилт, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг шинэлэг санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлж, ойн аж ахуй, ойн нөхөрлөл, орон нутгийн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхээр ажиллах юм.

Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон үндэсний уур амьсгалын зорилтуудаа хэрэгжүүлэх хүрээнд ойгоо хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах урт хугацааны санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөр чухал хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.

Ойн газрын дарга  Б. Оюунсанаа “Энэ хөтөлбөр нь зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэхээс илүүтэйгээр Монгол Улсын ойн салбарт шинэ санхүүгийн боломжуудыг нээж, төр, хувийн хэвшил болон олон улсын түншлэлийг бэхжүүлэх чухал алхам болсныг онцоллоо. Мөн Ойн газар нь үндэсний гол түнш байгууллагын хувьд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Монгол Улс “Ойн санхүүжилт” (Finance for Forests) төслийг албан ёсоор эхлүүллээ  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй