Шууд Chart

COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ

2026-08-21 09:39:17

COP17-ийн хүрээнд зохион байгуулж буй “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-ын үеэр “Байгаль орчны үр дүнд чиглэсэн төрийн санхүүжилтийн шинэчлэл” сэдэвт хуралдаан боллоо.

Хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоонд хийхээр төлөвлөж буй шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь газрын доройтолтой тэмцэх, доройтлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэрэгслийн нэг болохыг онцлов. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах үүрэг, зорилтын хүрээнд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Мөн 32 жилийн турш хэрэгжиж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулж, энэ намрын УИХ-ын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгааг мэдээллээ.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх эрх зүйн орчин бүрдэх бөгөөд санхүүжилттэй холбоотой гурван тусгай журам батлагдах юм. Эдгээр журмыг байгаль орчны болон төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн сайд нар хамтран батлахаар төлөвлөжээ.

Одоогийн тогтолцоогоор яамны харьяа, улсын төсөвт төрийн захиргааны байгууллагуудын санхүүжилтийг голлон хариуцдаг бол шинэ зохицуулалтаар хамгаалалтын захиргааны статус, харьяаллаас үл хамааран орон нутгийн өмчит байгууллага болон төрийн бус байгууллагад хамгааллын үйл ажиллагааны үр дүнд үндэслэн санхүүжилт, суурь зардал олгох боломж бүрдэхээр байна.

Түүнчлэн хамгаалалтын захиргаад өөрийн орлогоо захиран зарцуулах боломжтой болох бөгөөд зөвхөн техникийн чадавхыг бус, тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлсэн арга хэмжээний бодит үр дүнг хэмжих, менежментийн төлөвлөгөөг хэрэгжихүйц байдлаар боловсруулахад түлхүү анхаарах шаардлагатайг онцоллоо.

Сангийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна.

Хуралдааны үеэр Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, тусгай хамгаалалттай газар нутаг, ой, усны сав газрын менежментийн төлөвлөгөөний санхүүжилтийн асуудлыг мөн хэлэлцэж, оролцогчдын асуултад хариуллаа.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй