Шууд Chart

Шуурхай штаб орон нутгийн шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-08-21 14:04:47

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах Шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдаж, шатахууны хангамж, түгээлтийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсон, цаашид авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгчээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр нийслэлийн шатахуун түгээх станцуудын дараалал өмнөх өдрүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар нийслэлд 10-20 автомашины дараалалтай нэг, 20-30 автомашины дараалалтай 16, 30-40 автомашины дараалалтай 17, 40-50 автомашины дараалалтай 20, 50-100 автомашины дараалалтай 10 шатахуун түгээх станц бүртгэгджээ.

Харин орон нутагт шатахууны хангамжийн хүндрэл үргэлжилж байна. Аймгийн төвүүдийн шатахуун түгээх станцуудад дунджаар 62 автомашин дараалж байгаа бол Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймагт хангамж муу байгаагаас дараалал нэмэгджээ.

Ялангуяа Дундговь аймгийн шатахуун түгээх станцуудын дараалал 400-450 автомашинд хүрсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Шуурхай штабаас шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүдэд орон нутгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг өгч, нэн тэргүүнд Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймгийн хангамжид анхаарч ажиллахыг чиглэл болгожээ.

Мөн намрын ургац хураалтын үе ойртож байгаатай холбогдуулан газар тариалангийн бүс нутаг, аж ахуйн нэгжүүд болон холбогдох төрийн байгууллагуудыг дизель түлшний нийлүүлэлт хэвийн байгаа үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг сануулсан байна.


Шуурхай штаб орон нутгийн шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг өглөө  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй