Улаанбаатар хотноо үргэлжилж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Бэлчээрийн доройтлоос нүүрстөрөгчийн зах зээл рүү” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд боллоо.
Хэлэлцүүлэгт олон улсын болон санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, бизнесийн салбарын төлөөлөл оролцож, нүүрстөрөгчийн зах зээл, ногоон санхүүжилтийг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болон уур амьсгалын зорилтуудтай уялдуулах боломжийг хэлэлцэв.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол Улсын Эрчим хүчний шилжилтийн стратегийг боловсруулж байгааг танилцуулж, уг шилжилт нь зөвхөн нар, салхины эх үүсвэрийг нэмэгдүүлэх бус найдвартай, уян хатан, хүртээмжтэй, эдийн засгийн үр ашигтай, нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний тогтолцоог цогцоор нь бүрдүүлэхэд чиглэж байгааг онцоллоо. Эрчим хүчний яам уг стратегийн төлөвлөгөөнд Дэлхийн банкнаас зөвлөмж авч ажиллаж байгаагаа өмнө нь мэдээлсэн.
Мөн “Үндэсний Ногоон Лаб” санаачилгын хүрээнд ногоон төслүүдийг эхний шатнаас нь сонгон хөгжүүлэх, хөрөнгө оруулалтад бэлэн болгох, байгаль орчинд үзүүлэх үр дүнг тооцох, олон улсын санхүүжилт болон хөрөнгө оруулагчидтай холбох нэгдсэн тогтолцоо бүрдүүлж байна. Тус платформ нь байгальд суурилсан шийдэл, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой менежментийн төслүүдийг хөрөнгө оруулалттай холбоход чиглэжээ.
Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг 2026 оны долоодугаар сарын 2-нд баталсан бөгөөд уг хуульд ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн механизм, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгохоор тусгасан байна.
Энэ хүрээнд Монгол Улс олон улсын нүүрстөрөгчийн зах зээлд оролцох хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд Япон Улстай хэрэгжүүлж буй Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, цэвэр технологийн төслүүдийг нүүрстөрөгчийн санхүүжилттэй холбож байна.
Сайд Б.Найдалаа хэлэлцүүлгийн үеэр 2026 онд дөрвөн нарны цахилгаан станцын төслийн хүрээнд 86,564 тонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэх хэмжээний ялгарлын бууралтыг Япон Улсад шилжүүлсэн талаар мэдээлэв. Монгол, Японы JCM механизмаар нарны цахилгаан станцын төслүүд өмнөх жилүүдээс хэрэгжиж ирсэн байна.
Түүнчлэн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг энэ онд зарласан юм.
Б.Найдалаа олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, технологийн компаниудыг Монгол Улсын эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч болон ногоон төслүүдэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Мөн COP17-ын үеэр болсон “Эрчим хүч ба залуусын оролцоо” хэлэлцүүлэгт оролцож, эрчим хүчний салбарт шинэ үеийн мэргэжилтнүүдийг татах, залуусын оролцоо, инновац, манлайллыг дэмжих асуудлаар “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид” хөтөлбөрийн залуустай санал солилцжээ.
| COP17: Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн төслүүдэд идэвхтэй оролцохыг уриаллаа | ||
| Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.