Шууд Chart

COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа

2026-08-21 16:45:10

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсийн C павильонд өнөөдөр зохион байгуулсан “Тогтвортой хөгжил ба ногоон арга барилын өдөр” арга хэмжээний үеэр төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа.

“333 нуур” санаачилга нь Монгол орны усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, хур тунадас болон үерийн усыг хуримтлуулан ашиглах, орон нутгийн ус хангамжийг сайжруулахад чиглэж байна.

Ялангуяа Монгол орны баруун бүсийн мөнх цас, мөсөн голын хайлалт эрчимжиж, усны нөөцөд өөрчлөлт орж буй нөхцөлд гадаргын усыг хуримтлуулах хөв, цөөрөм байгуулах нь хүн амын ус хангамжийг нэмэгдүүлэх, үерийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтойг арга хэмжээний үеэр онцоллоо.

Мөн хуурай сайр, жалга болон тохиромжтой байршлуудад хөв, цөөрөм байгуулснаар хур бороо, үерийн усыг тогтоон барьж, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэхээс гадна хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулах боломжтой юм. “Нэг нуур, нэг сум-333 нуур” санаачилгын хүрээнд улсын хэмжээнд хур тунадас, гадаргын усыг хуримтлуулах, ус хангамжийг сайжруулах зорилт дэвшүүлсэн байдаг.

Хөв, цөөрөм байгуулах нь усны нөөцийг нэмэгдүүлэх төдийгүй бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, газрын доройтол, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийн нэг болохыг танилцуулгын үеэр тэмдэглэлээ.

“333 нуур” санаачилгын хүрээнд өмнө нь улсын хэмжээнд хөв, цөөрөм байгуулах боломжтой 318 байршлыг тодорхойлсон талаар мэдээлж байсан бөгөөд үерийн усыг хуримтлуулах, газар доорх усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй