Шууд Chart

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

2026-08-24 16:27:03

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 найм дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр /2026.08.24/ Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес хувийн хөрөнгө оруулалтын сан (GIRAF)-г албан ёсоор нээлээ. Хамтын ажиллагааны гэрээнд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний охин компани “Ди Би Эм ассет менежмент”-ийн төлөөлөл гарын үсэг зурлаа.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлэх 92,6 сая ам.доллар, мөн арилжааны банкуудаас нэмэлтээр босгохоор төлөвлөж буй 25 сая.ам долларын санхүүжилттэй тус сан нь бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөөгийн бизнес эрхлэлтийг дэмжих юм байна.

Хөнгөлөлттэй зээл, зээлийн баталгаа, бичил санхүүжилт болон инновацын буцалтгүй тусламжаар дамжуулан монголын хөдөөгийн эдийн засагт тулгарч буй урт хугацааны санхүүгийн хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах ажээ.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг “Энэхүү сан нь монголын хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх шинэ арга зам болно.

Тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн менежментийг сайжруулахад чиглэсэн санхүүгийн оновчтой шийдлүүдээр дамжуулан энэхүү сан нь ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэхийн зэрэгцээ газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж ярилаа.

Сангийн эхний шатанд 3 сая ам.долларын буцалтгүй тусламж бүхий 37.5 сая ам.долларын санхүүжилтийн багц багтаж байгаа бөгөөд хөдөөгийн бизнесүүдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм байна.

Үүнд хөнгөлөлттэй зээл, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зээлийн баталгаа, ногоон инновацыг дэмжих буцалтгүй тусламж багтана.

Малчид болон малчдын хоршоотой арилжааны түншлэл, үр өгөөж хуваалцах тогтолцоо бүрдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгоно гэлээ. Газарзүйн мэдээлэл болон зайнаас тандан судлах технологид суурилсан мөшгилт, хяналтын цахим системээр дамжуулан хөрөнгө оруулалтыг хянаж, байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн үр нөлөөг үнэлэхээр төлөвлөжээ.

 Тус сан 2034 он гэхэд ойролцоогоор 500 жижиг, дунд үйлдвэр, хоршоо мөн 1000 бичил бизнесийг дэмжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөхийн зэрэгцээ бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, эрсдэлийг даван туулах чадвартай хөдөө орон нутгийн амьжиргааг дэмжихээр зорьж буйгаа зарлалаа.

Нийтэлсэн: COP17 Mongolia

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй