2022 онд бүс нутгийн төвүүдийн санаачилгаар “Олон улсын хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-г байгуулсан бөгөөд энэхүү сүлжээ нь хотуудын хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоог хөгжүүлэх, шилдэг туршлага солилцох, бодлогын уялдаа холбоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. 2026 оны байдлаар 28 улсын 116 хотууд тус сүлжээнд нэгдсэн байна.
Монгол Улсаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин хотууд, Завхан, Төв болон Хэнтий аймаг “Олон улсын хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдэж гэрчилгээгээ гардан авлаа.
“Байгаль орчны асуудал өнөөдөр нэг улс, нэг байгууллага дангаараа шийддэг асуудал биш. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол, химийн бодис, хог хаягдал гээд бүгд холбоотой. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам яам эдгээр асуудлаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилтийг хариуцан ажилладаг.
Үүний дотор Базел, Роттердам, Стокгольм, Минамата, Венийн конвенц болон Монреалын протокол багтдаг. Өнөөдөр энд нэг чухал асуудал дээр төвлөрч байна. Энэ бол хог хаягдлыг зүгээр нэг устгах биш, хог болохоос нь өмнө багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоонд шилжих асуудал юм” хэмээн БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Дэлхийд үүнийг хийж чадсан бодит жишээ бий. Словенийн нийслэл Любляна 2014 онд Европын Холбооны нийслэлүүдээс анх “Zero Waste” зорилго тавьсан. Өнөөдөр тус хот ахуйн хог хаягдлынхаа 70 орчим хувийг тусад нь ангилан цуглуулдаг болсон. Энэ жишээний гол санаа нь ганц технологид биш, хотын захиргаа, иргэд, аж ахуйн нэгжүүд нэг тогтолцоогоор ажилласанд байгаа гэдгийг мөн тэр бээр жишээ болгон тодотгов.
2025 онд зөвхөн Улаанбаатар хотод 1.83 сая тонн хог хаягдал үүссэн. Үүний 16.3 хувь нь хуванцар хаягдал байна. Нөгөө талд хотын хэмжээнд 1000 гаруй ангилан ялгах цэг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бид тэгээс эхлэхгүй. Суурь нь байна. Харин одоо энэ ажлыг илүү нэгдсэн систем болгох хэрэгтэй гэдгийг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| “Тэг хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдсэн хотуудад гэрчилгээ гардууллаа | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.