Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбахтай COP17 хурлын үеэр уулзлаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр нь хотын тогтвортой хөгжил, гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан хот төлөвлөлт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон жилийн түүхтэй. Тус байгууллага Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Цаашид Улаанбаатар хот НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй хамтран гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хотын суурь үйлчилгээ, үерийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын тэсвэржилт, усны менежмент, ногоон болон хүн төвтэй хот байгуулалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой.
Мөн НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн олон улсын туршлага, техникийн мэдлэгийг ашиглан Улаанбаатар хотын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн хот төлөвлөлтийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн байгууллага болон санхүүгийн эх үүсвэртэй холбох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал юм” гэлээ.
Тэрбээр Улаанбаатар хот болон НҮБ-Хабитатын хамтын ажиллагааны дараагийн үе шат нь зөвхөн тодорхой нэг төсөл хэрэгжүүлэхээс илүүтэйгээр хотын ирээдүйн хөгжлийн нийтлэг зорилгыг тодорхойлсон, урт хугацааны, үр дүнд чиглэсэн стратегийн түншлэл байх нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр гэр хорооллын иргэдийн оролцоотойгоор амьдрах орчныг сайжруулах төслүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, олон нийтийн үйлчилгээний байгууламж, жижиг хэмжээний дэд бүтцийг бий болгох, иргэдийн бүлэг, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлсэн. Мөн техникийн дэмжлэгээр Улаанбаатар хотын гэр хорооллыг бүхэлд нь хамарсан шинэчлэлийн стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн арга барилыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм.

| НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна | ||
| Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.