Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Усны өдрийн хүрээнд “Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сан (DRIF)”-гийн албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд COP17 хурлын даргалагч Монгол Улсыг төлөөлж Сангийн дэд сайд Б.Хулан оролцов.
Тус санг Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар болон Олон улсын ган гачгийн тэсвэртэй байдлын холбооны дэмжлэгтэйгээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Глобал механизмын газраас үүсгэн байгуулж байгаа бөгөөд ган гачгийн тэсвэртэй байдал, тэр дундаа усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөр, бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн холимог санхүүжилтийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох юм.
Нийт газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд өртсөн, эдийн засгийн тодорхой хэмжээг хөдөө аж ахуй (ХАА), дан ялангуяа мал аж ахуйн салбар эзэлдэг ба нийт ажиллах хүчний 20 гаруй хувь нь ХАА-ын салбарт ажилладаг манай улсын хувьд тус сантай хамтран ажиллах боломжтой байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын судалгаагаар дэлхий дахинаа ган гачгийн улмаас жил бүр 307 тэрбум ам.долларын хохирол учирдаг бөгөөд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт нь гамшиг тохиолдсоны дараах хариу арга хэмжээнд дийлэнх хэсэг нь чиглэдэг бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон урт хугацааны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд харьцангуй бага хэмжээний нөөц хөрөнгө оруулдаг талаар онцолсон байдаг.
Сангийн дэд сайдын зүгээс DRIF сан бий болсноор ган гачиг тохиолдож аль хэдийн гарз хохирол нүүрлэсний дараагаар бус өмнө нь урьдчилан сэргийлэх, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлсэн гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.


| COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ | ||
| Үзсэн: 56 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.