Шууд Chart

Монгол, Япон улс байгаль орчны салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-08-26 09:41:07

Япон Улсын Байгаль орчны Дэд сайд Аояма Шигэхарү тэргүүтэй албаны төлөөллийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр хүлээн авч уулзан СОР17 хурлаас гарах шийдвэрийг үр дүнд хүргэх, байгаль орчны салбарын боловсон хүчин бэлтгэх, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо зэрэг асуудлаар санал солилцлоо.

Япон Улсын тусламж, дэмжлэгээр байгаль орчны салбарт олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. 

Тухайлбал, боловсон хүчин бэлтгэх, дотоод, гадаадын судлаач, жуулчдад Монгол Улсын цэвэр усны нөөц, биологийн төрөл зүйлийн талаар мэдээлэл олгох, иргэдийг байгаль орчны зөрчил, доройтлоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зориулалтаар Цэнгэг усны нөөц менежментийн төвийг Япон Улсын 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан юм.

Мөн хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, боловсруулах санаачлага, Агаарын бохирдолтой тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа, Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлд хамтрах зэргээр өргөн хүрээтэй хамтран ажилладаг.

Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны салбарын урт хугацааны, чухал түнш байсаар ирсэн Япон Улс, Япон Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ. 

Мөн СОР17 хурлын зарим хэлэлцээнд онцгойлон анхаарал хандуулах, Монгол Улсаас дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-г дэмжихийг хүсэв.

Япон Улсын Байгаль орчны Дэд сайд Аояма Шигэхарү З.Батжаргал асаны хоёр улсын дипломат харилцаа, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, уялдаа холбоог хангахад оруулсан хувь нэмэр, СОР17 хурлыг Монгол Улсад зохион байгуулахад оруулсан идэвх зүтгэлийг өндрөөр үнэлж явдгаа илэрхийлэн талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд болоод хамт ажиллаж байсан байгаль орчны салбарын хамт олонд гүн эмгэнэл илэрхийллээ. 

Тэрбээр цөлжилт, гангийн асуудлаас үүдэн орон нутгийн иргэдийн эрх нэн тэргүүнд зөрчигддөг.

Япон Улсын хувьд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа. Энэ утгаараа хоёр улсын хувьд цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, дасан зохицох чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах нь чухал юм гэдгийг онцоллоо. 

Мөн энэ чиглэлээрх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд манлайлал үзүүлэхээ илэрхийлж, Цэнгэг усны нөөц менежментийн төвийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэхэд дэмжих, өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ уламжлав. 

Талууд цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг өргөжүүлэхэд хамтран ажиллах, тэр дундаа хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, НҮБ-ын холбогдох индекс шинэчлэх асуудалл санал нэгдэж, хамтран ажиллахаар тохирлоо. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Монгол, Япон улс байгаль орчны салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй