Шууд Chart

Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ

2026-08-26 12:14:41

Иран болон Оман улс Ормузын хоолойгоор худалдааны хөлөг онгоц нэвтрүүлэх түр гарцын байгуулах талаар тохиролцсон гэж Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади наймдугаар сарын 25-нд мэдэгдлээ.

Түүний тайлбарласнаар Персийн булан руу орох хөлөг онгоцууд Ираны усан хилээр дамжих бол гарах чиглэлийн зам Оманы усан хилээр үргэлжлэх бөгөөд хоёр чиглэлийн хөдөлгөөний тодорхой хэсэг Ираны усан хилээр дайрах аж. Уг түр гарцыг зөвхөн худалдааны хөлөг онгоц ашиглах бөгөөд байлдааны хөлөг онгоц нэвтрүүлэхгүй гэжээ.

Гарибабади энэ зохицуулалт нь Ормузын хоолойг нэн даруй бүрэн нээж буй хэрэг биш гэдгийг онцлов. Түр гарцыг ашигласны дараа Иран, Оман 30-60 хоногийн хугацаанд байнгын навигацийн шинэ маршрутын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ираны тал Ормузын хоолойг бүрэн нээх асуудлыг тодорхой нөхцөлтэй холбон тавьж байгаа юм. Гарибабадигийн хэлснээр эдгээрт эдийн засгийн бүслэлт, хоригийг цуцлах, Ливаныг оролцуулсан бүс нутгийн мөргөлдөөнийг зогсоох, Йементэй холбоотой бүслэлтийн асуудлыг шийдвэрлэх болон АНУ өмнөх тохиролцоогоор хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг багтаж байна.

Мөн тэрбээр АНУ Ормузын хоолойн олон улсын усан зам дахь минуудыг цэвэрлэсэн гэх мэдэгдлийг няцааж, АНУ-ын мина цэвэрлэгч хөлөг онгоц бүсэд нэвтэрвэл Ираны бай болно хэмээн анхааруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 25-нд Ормузын хоолойн олон улсын усан дахь минуудыг цэвэрлэсэн буюу устгасан гэж мэдэгдээд, Иран шинээр мина байрлуулахыг оролдвол тухайн хөлөг онгоцыг устгана хэмээн анхааруулсан байна.

 

Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй