Шууд Chart

Газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд орон нутгийн иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх нь чухал

2026-08-26 14:01:07

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Газар ба хүн төвт өдрийн арга хэмжээний “Уугуул иргэдийн өндөр түвшний тусгай арга хэмжээ”-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан оролцлоо. 

Хэлэлцүүлгээр талууд ариун дагшин газар нутаг, малчдын эрх, уламжлалт мэдлэг, оролцоо, манлайлал,  газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг асуудлыг авч үзэж, гарц шийдлийн талаар санал солилцов. 

Хэлэлцсэн асуудлын хүрээнд бэлчээрийн нөхөн сэргээлт ба малчдын оролцоог хангуулах, хамтран ажиллах хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Монголчууд эртнээс байгальтайгаа зохицон амьдарч, ус, бэлчээр, ан амьтан, тахилгат уул усаа, хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн.  Монголын уламжлалт улирлын нүүдэл, отор, бэлчээр сэлгэн ашиглах арга ухаан нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой менежментийн нэг юм. 
Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол, уул уурхай, хотжилт зэрэг нь манай орны экосистем,  малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам малчин өрхийн хамтын менежмент, бэлчээрийн зохистой ашиглалт, малчдын эрх, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж, хэд хэдэн хуулийн төслийг батлуулсан. Доройтсон газрыг нөхөн сэргээх нь зөвхөн байгаль хамгаалах асуудал бус ажлын байр, орлого, орон нутгийн хөгжил, залуучууд нутагтаа үлдэх боломжийг бий болгох зэрэг онцгой ач холбогдолтой чухал хөрөнгө оруулалт юм. Энэ чиглэлд Монгол Улс хөрөнгө оруулалт татахын тулд тогтвортой бодлоготой, тодорхой хууль эрх зүйтэй, ил тод, нээлттэй, иргэдийн оролцоо, шударга ёсыг эрхэмлэсэн байх учиртай юм” хэмээв. 

Цаашид тогтвортой газрын менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, гангийн тэсвэржилт болон UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд орон нутгийн иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх нь чухал   
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй