Шууд Chart

COP16-аар эхлүүлсэн “Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилга” бодит хэрэгжилтийн шатанд шилжлээ

2026-08-27 13:31:48

COP17-ын “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-ийн хүрээнд “Global Flagship Initiative for Food Security-Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилга” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

2024 онд Эр-Рияд хотноо болсон COP16-ын үеэр эхлүүлсэн энэхүү санаачилга нь хүнсний аюулгүй байдлыг газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөдөө аж ахуй, уур амьсгалын тэсвэржилт болон биологийн олон янз байдлыг хамгаалах зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэж байна.

COP17-ын үеэр санаачилга амлалтаас бодит хэрэгжилтэд шилжих шинэ шатанд орсныг зарлав. Энэ хүрээнд санаачилгын үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх институцийн зохицуулалтыг бэхжүүлж, Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилгын Нарийн бичгийн дарга нарын газрыг олон улсын Crop Trust байгууллагын дэргэд байрлуулан ажиллуулж байна.

Одоогоор уг санаачилгад Засгийн газар, олон улсын байгууллага, хөгжлийн банк, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгааны байгууллагуудыг багтаасан 140 гаруй гишүүн нэгдэж, 20 орчим төсөл, санаачилгыг дэмжин ажиллаж байна.

Хэлэлцүүлгийн үеэр газрын доройтол хүнсний аюулгүй байдалд улам хүчтэй нөлөөлж байгааг онцлов. Өнөөдөр дэлхий даяар гурван тэрбум гаруй хүн доройтолд орж буй газраас амьжиргаагаа залгуулж байгаа бөгөөд хөрсний үржил шим буурч, усны хомсдол нэмэгдэхийн хэрээр фермер, малчид, хөдөөгийн иргэдийн хүнсний баталгаат байдалд учрах эрсдэл нэмэгдэж байна.

Түүнчлэн дэлхийд нэг тэрбум орчим га хөдөө аж ахуйн газар доройтсон бөгөөд гангийн нөлөөллийн 80 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбар болон түүнээс амьжиргаагаа залгуулдаг иргэдэд ногдож байгааг танилцууллаа.

Ийм нөхцөлд хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна түүний үндэс болсон хөрс, газар, усны нөөцийг хамгаалж, нөхөн сэргээх шаардлагатайг оролцогчид онцоллоо. Санаачилга нь жижиг фермерүүдийн зах зээл, мэдлэг, хөрөнгө, технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, газар, хөрс, усны тогтвортой менежментэд суурилсан шийдлүүдийг өргөжүүлэхээр зорьж байна.

Цаашид санаачилгын хүрээнд 120 сая гаруй фермерийг дэмжиж, 10 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татах зорилт тавьжээ. Үүнд Засгийн газрууд үндэсний бодлого, төлөвлөгөөгөө уялдуулах, хөгжлийн санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн гол санаа нь хүнсний аюулгүй байдал зөвхөн хүнсний үйлдвэрлэлийн асуудал биш, харин эрүүл хөрс, бүтээмжтэй газар, усны тогтвортой нөөц, уур амьсгалын тэсвэржилттэй салшгүй холбоотой бөгөөд эдгээр асуудлыг нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурь байлаа.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP16-аар эхлүүлсэн “Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилга” бодит хэрэгжилтийн шатанд шилжлээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй