COP17 хурлаар “Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв.
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбар удирдан зохион байгуулж, төрийн байгууллага, уул уурхайн компани, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын судлаачдын төлөөлөл оролцов.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор А.Дашцэрэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Их сургуулийн Материалын урсгал ба нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэнгийн профессор Даниел Картэ нар илтгэл танилцуулж, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн академич Д.Дагвадорж чиглүүллээ.
Үндсэн илтгэлүүдээр:
* Оюу толгой ХХК-ийн тогтвортой байдлын ахлах зөвлөх Б.Ууганбаяр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан газрын нөхөн сэргээлтийн туршлага, сургамж;
* Монполимет ХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлтийн газрын дарга Т.Октябрь хувийн хэвшлийн нөхөн сэргээлтийн сайн туршлага;
* ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын судлаачид уул уурхайн эвдэрсэн газрын нөхөн сэргээлт болон Монгол, Оросын нүүрстөрөгчийн зах зээлийн боломж;
* Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Ихбаяр Монгол Улсын доройтсон газрын тооллого, менежмент;
* ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрын сэдэвчилсэн судалгааны үр дүн;
* ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрхлэгч, доктор О.Мөнхдулам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн М.Тулга нар уул уурхайн нөлөөлөлд өртөж эвдэрсэн газрын үндэсний тооллогын сүлжээний ололт, тулгамдсан асуудал, цаашид сайжруулах арга зам;
* Профессор Даниел Картэ болон доктор Алексей Алексенко нар уул уурхайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд нөөцийн уялдаа холбооны цогц хандлагыг ашиглах боломжийн талаар тус тус танилцууллаа.
Панел хэлэлцүүлгээр уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрын нөхөн сэргээлтэд тулгарч буй шинжлэх ухаан, технологи, бодлого, санхүүжилтийн саад бэрхшээл, нөхөн сэргээлтийн хүлэмжийн хийн шингээлтэд үзүүлэх нөлөө болон Газрын доройтлыг тэглэх зорилтод оруулах хувь нэмрийн талаар санал солилцов.
Мөн эвдэрсэн газрын тооллого, бүртгэл, мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох, шинэлэг технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийг ашиглах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг онцоллоо.
Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг шинжлэх ухааны үндэслэлтэй нөхөн сэргээх нь доройтсон экосистемийг сэргээхээс гадна хөрсний нүүрстөрөгчийн шингээлт, хуримтлалыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон тогтвортой уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг оролцогчид тэмдэглэв гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
| “Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.