Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускониг татвараас зайлсхийснийх нь төлөө оноосон ялыг тус улсын давж заалдах шатны дээд шүүх хүчинтэй хэвээр үлдээжээ. Өнгөрсөн 2012 оны 10 сард Милан хотын шүүхээс Берлусконид 4 жил хорих ял оноосноос 3 жил нь өршөөлийн тухай хуулийн дагуу хасагдаж, 1 жилийн ял үлдсэн юм. Италийн хуулиар бол, 78 настай Берлусконийн өндөр настайг харгалзан ялыг гэрийн хорионд эсвэл нийгэмд тустай хөдөлмөрөөр орлуулан эдлүүлж болдог байна.
Цаашдаа Берлусконийг төрийн алба хашихыг хориглосон доод шатны шүүхийн шийдвэрийг дахин харгалзаж үзэхийг, давж заалдах шатны дээд шүүхийн тогтоолд заасан байна. Берлускони улстөрийн маш том нөлөө бүхий хүн хэвээрээ байгаа тул түүнийг улстөрөөс зайлуулбал Италийн засгийн газрын тогтвортой байдалд сөрөг нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Берлусконид холбогдоод байгаа бас нэгэн ноцтой хэрэг нь тэрээр энэ оны 6 сард насанд хүрээгүй биеэ үнэлэгч бүсгүйтэй бэлгийн харилцаанд орсон, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэрэгт буруутай нь тогтоогдон 7 жилийн хорих ял авсан. Ерөнхий сайд асан энэ ялаа давж заалдаж чадахгүй нөхцөлд энэ ял нь ч мөн хэрэгжих ёстой болох юм.
Л.Пүрэвдолгор
| Берлусконийн ялыг хэвээр үлдээлээ | ||
| Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.