Шууд Chart

Ж.Амарсанаа Н.Удвал сайдыг шүүхэд өгнө гэв

2014-10-29 14:30:35

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн талаар хийсэн мэдээлэл нь одоо ч олны анхаарлыг татсаар байна.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан элэгний С вирусийн эсрэг эмийг манай улсад оруулж ирэх гэсэн хэдэн залуус байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш хөөцөлдөөд бүтэхгүй байна, энэ асуудлыг яагаад ингэж удаашруулаад, зөвшөөрлийг нь өгөхгүй байна вэ гэдгийг лавласан юм.

Харин үүний хариуд Н.Удвал сайд  “Манай дэд сайд Ж.Амарсанаа 900 доллараар оруулж ирэх эмийг 1800 доллараар зарна гээд байгаа. Яаман дээр, өрөөндөө элэгний С вирустэй хүмүүсийг бүртгээд л сууж байдаг. Энэ ажилд хамтран оролцож байгаа “Оном” сан, дэд сайд Ж.Амарсанаа хоёрын хооронд маргаан үүсээд одоо шүүх цагдаа гээд явж байгаа” гэсэн юм.
 
Түүний энэхүү хариуцлагагүй гэж болмоор мэдэгдлээс болж дэд сайд Ж.Амарсанаа багагүй бухимдаж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Тэрээр Н.Удвал сайдыг өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар Н.Удвал сайдыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн юм.
 
Уг элэгний С вирусийг эмчлэх эмийг манай улсад нэг курсыг нь 300 доллараар оруулж ирэхээр болсон байдаг. Тус эмийг Монголд оруулж  ирсэн тохиолдолд үйл ажиллагааг нь зохион байгуулах үүрэгтэй “Оном” сангийн мэдээлж буйгаар элэгний С вирустай хүн эмээ гурван сар ууж байж бүрэн эдгэрэх боломжтой аж. Тэгэхээр гурван сарын курс эмчилгээ нь 900 доллар болно гэсэн үг юм.
 
Харин дэд сайд Ж.Амарсанаа манай улсад элэгний С вирустай хүнийг гурав бус зургаан сар эмчлэх ёстой хэмээн үзэж 1800 долларын өртөгтэй хэмээн мэдэгджээ.
 
Үндсэндээ нэг курсын төлбөрийг нь ялгаагүй 300 доллараар тооцож байгаа бөгөөд хугацааны хувьд л ялгаатай байр суурь илэрхийлж байгаа юм. Харин салбарын сайд нь энэ ялгааг ойлгоогүй бололтой 900 доллараар оруулж ирэх эмийг 1800 доллар болгоно хэмээн мэдэгджээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ж.Амарсанаа Н.Удвал сайдыг шүүхэд өгнө гэв  
Үзсэн: 1577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй