
УИХ дахь бие даагч гишүүд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Ц.Даваасүрэн гишүүний мэдээлснээр ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд ажилласан байна. Ирэх оны төсвийг боломжит бүх хэмжээгээр хэмнэлтийн горимд шилжүүлж байгаа бөгөөд нийтдээ 160 гаруй тэрбум төгрөгийн зардлыг бууруулахаар болжээ. Түүнчлэн байгууллагуудын орон тоог таваас доошгүй хувиар бууруулахаар болсон байна.
Үүнээс гадна Төсвийн байнгын хорооны хуралдааны ажлын хэсэг зарим яам, агентлагуудын дарга, ажилчдын тансаг хэрэглээг хасахаар хуулийн төсөлд тусгасан байна. Жишээлбэл, төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүд болон агентлагийн дарга нар шатахуун их хэрэглэдэг автомашин хэрэглэдгийг нь болиулж зөвхөн хөдөө явахад том оврын жийп машин хэрэглэдэг болгоно гэв. Мөн зарим үйл ажиллагаа нь давхцдаг агентлаг, газруудыг нэгтгэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд ирэх 2015 он болон түүнээс цаашид ч төсвийг бүрэн хэмнэнэ гэлээ.
Ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн сард өөрчилсөн Засгийн газрын шинэ бүтцэд нийцүүлэн баталсан бөгөөд хэрэв Засгийн газар дахин өөрчлөгдвөл дагаад Төсвийн тухай хуульд өөрчлөлт орох юм. Иймээс Засгийн газрын асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга хэллээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Ганбаатар төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж байгаа нь сайн хэрэг хэдий ч боловсрол болон эрүүл мэндийн салбараас төсвийг нь хэмнэхгүй байхад бие даагч гишүүд санал нэгдсэн гэв. Учир нь боловсрол болон эрүүл мэндийн салбар бол нийгмийн хамгийн чухал салбар бөгөөд өнөөдөр олон сургуулиуд 50-60 хүүхэдтэй хичээллэж байгаа нь яахын аргагүй төсөв шаардаж байгаа хэрэг хэмээн үзжээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын гишүүдийн утасны дугаараас сонгогчид руу мессеж явуулсан хэргийг бие даагч гишүүдийн зүгээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгч шалгуулах болсон гэдгийг мэдэгдэв. Бие даагч гишүүд энэ асуудлыг тун ноцтой гэж үзэж байгаа бөгөөд хэрэв энэ чигээр нь орхивол цаашид сонгуулийн үеэр дээрх асуудал дахин гарахгүй гэдгийг үгүйсгэх аргагүй хэмээн үзжээ. Мөн ТЕГ-аас энэ асуудлын цаана улс төрийн нөлөө бүхий хүн байгаа гэж мэдэгдсэн хэдий ч шалгахгүй удаж байгаа тул ийнхүү УИХ-д хандаж мессеж явуулсан улстөрчийг олон нийтэд зарлуулж, арга хэмжээ тооцохыг хүссэн байна.
Мэдээллийн төгсгөлд бие даагч гишүүд АН-ын ҮЗХ хаалттай хуралдсан нь намын бусад гишүүдийн эрхийг хааж байгаа хэрэг хэмээн үзэж буйгаа хэлсэн юм.
Засгийн газар солигдвол Төсвийн тухай хуульд дахин өөрчлөлт орно | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.