
Энэ жилийн хувьд манай кино сонирхогчид уйдсангүй. Өнгөрөгч есдүгээр сараас эхлэн Монголын кино урлагийнхан нэлээдгүй олон уран бүтээлээ дэлгэцнээ амилуулж, үзэгчдийн мэлмийг мялаасан. Тэрхүү бүтээлийн нэг буюу жүжигчин, найруулагч Б.Тамирын бүтээл “Миний ах атаман” уран сайхны кино есдүгээр сарын 12-нд дэлгэцнээ амилсан билээ. Хагас сарын хугацаанд "Тэнгис", "Өргөө", "Соёмбо"-ын танхимд үзэгчдийг дүүргэсэн энэхүү уран бүтээлийн зураг авалтыг өнгөрсөн зун авч дууссан бөгөөд оюутан залуусын хичээлийн шинэ жилийг тохиолдуулан ийнхүү нээлтээ хийсэн юм. Монголын кино урлагийн салбарт төдийлөн танил биш “Action drama” жанраар бүтээгдсэн уг киног дэлгэцнээ гарахыг залуус илүү хүлээсэн гэхэд болно. Киноны сурталчилгаанаас эхлээд трэйллэр нь сонирхол татахуйц байсан болохоор тэр биз. Дэлгэцнээ гарсан цагаасаа хойш ашиг орлогоороо тэргүүлж байсан уран бүтээлийг “Фантастик” продакшн, “F” студийн уран бүтээлчид хамтран амилуулсан бөгөөд гол дүрийг залуу жүжигчид бүтээжээ.
Тус кинонд ах, дүү Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг хоёр тоглосон нь үйл явдлыг нэлээд сонирхолтой болгож өгсөн байв. Ах, дүү хоёр мафийн толгойлогчдын дүрд тоглох бөгөөд нэгэн цагт хамтарч явсан ч, их хэмжээний мөнгөнөөс болж хагаралдахад хүрнэ. Аction жанрын кино гэдэг утгаараа ч тэр үү, эсвэл хэтрүүлэх гэж хэт хичээснийх үү киноны үйл явдал үргэлж зодоон цохион дунд өрнөх аж. Болохгүй, бүтэхгүй зүйл гарвал нударгаараа л шийднэ. Бас болоогүй бүлэг залуусд үүрэг өгөхдөө “ал эсвэл амьдруул” гэх. Залуус нь ч ганц үг дуугараад л асуудал шийдэгдэхгүй бол нударгаа зангидаад цус, нөжтэй нь холих аж. Нэг иймэрхүү үйл явдлыг киноны туршид харах тийм ч таатай бус байсныг хэлэх нь зүй. Ер нь ажиглаад байхад энэ кинонд хоёрхон эмэгтэй хүний дүр харагдав. Гол дүрийн жүжигчид олонх нь хар шилтэй, хар хүрэм, савхин бээлийтэй, тамхи зуусан танхай эрчүүд. Тэдний дунд өнөө “Тоон дунд үсэг” гэдэгчлэн хоёр эмэгтэй гарахын нэг нь киноны гол дүр болох Цэнгэлийн найз бүсгүй. Бүсгүйн дүрийг жүжигчин Б.Хулан бүтээжээ. Харин нөгөө эмэгтэй нь жүжигчин Ж.Оюундарь. Тэрбээр гол дүрүүдийн ээжид тоглоно. Хамгийн харамсалтай нь хоёр бүсгүй тоглуулчихаад хоёуланг нь үхүүлчихнэ. Тийнхүү ямар ч эмэгтэйгүй кино цааш үргэлжлэх аж.
Баячуудын мөнгөний төлөөх тэмцэл, тэдний гар, хөл бологч ах, дүү хоёр, эзэндээ үнэнч ноход шиг хамгаалагч залуус. Киноны зураг авалт ч хар бараан. Хараалын үг, цус нөжийг урсгах шиг болно. Эрчүүд гэхээр л ийм зэрлэг, балмад гэх бодлыг төрүүлэх шиг. Энэ бол киноны зөвхөн энгийн хэсгүүд.
Ах нь атаман байгаагүй бол...
Хорин жилийн тэртээх ах, дүүгийн хагацал одоо үед өрнөх аж. Тэрсэл хэмээх мөрдөн байцаагчийн хоёр хүү нүдэн дээрээ аав, ээжийгээ амь үрэгдэхийг харах боловч азаар амьд үлдэнэ. Тэрсэлийн том хүү Хангай дүүгээ дагуулан аадар бороо цутгасан зэвэргэн шөнө гэрээс гарч, үл таних айлын хаалгыг балбан дүүгээ орхиж явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр өнгөрсөн хорин жилийн хагаст нь аавын хаалга татаж, алдартай мафийн толгойлогчийн итгэлт хүн болсон байв. Харин түүний дүү Цэнгэл мөн л алдаж, эндсээр Хангайгийн хүчин зүтгэдэг толгойлогчийн өрсөлдөгчийн итгэлт хүн болсон байлаа. 20 жилийн өмнө орхиод явсан ахыгаа санаж бэтгэрч, огт танихгүй архичин “аав”-ын гарт нухлуулж өссөн Цэнгэл одоо өөрийгөө бүтэн өнчин гэж нэрлэх болж. Гэвч нэг л өдөр түүний ах гарч ирэх боловч дайсагналцаж явдаг бүлгийнх нь том атаман байлаа. Энэ мэтээр кино цааш үргэлжилнэ. Хэдийгээр муу муухайг хийж сурсан ч хүн чанартай ахын дүрийг жүжигчин Ж.Алтаншагай бүтээжээ. Тэрбээр толгойлогчийнхоо ганц хүүгийн өмнөөс хэлс хэргийг үүрсэн боловч хүүд нь хэзээ ч сайн нэрийг олж чадаагүй нэгэн. Түүнийг бүх хүн хүндэтгэх ч тэрнийхээ хэрээр олон дайсантай ажээ.
Киноны үйл явдалд зодоонгүй хэсэг тун цөөхөн. Тэр нь киног сүртэй болгож байсан ч хэтэрхий бүдүүлэг үг хэллэг, зохисгүй үйлдэл зэрэг нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхөөр байсныг хэлэх нь зүй. Тодруулбал, Хангай толгойлогчийнхоо хүүгийн найзыг зоддог хэсэг ямар ч хүүхдэд ингэж танхайрдаг гэдгийг заагаад өгөх шиг санагдав. Тэрбээр толгойлогчийнхоо хүүг буруу зүйлд уруу татаж байгаа найзыг нь караокены өрөөнд үнэхээр сүрдмээр зодно. Хамгийн сонин нь хэд хэдэн удаа пивоны шилээр толгой руугаа цохиулсан залуу маргааш нь ядахнаа шархадсан ч шинжгүй зогсож байна. Гурван удаа пивоны шилээр толгой руугаа цохиулсан хүн үхдэггүй юм аа гэхэд толгойд нь гэмтэл гарч таарна биз дээ. Гэтэл огтоос тоосон шинжгүй маргааш нь Хангайгийн эсрэг толгойлогчийнх нь хүүг турхирч зогсох... Хэтрүүлэг хэтрүүлэг гэхэд арай л биш...
Үүнийг үзсэн хүүхдүүд “Кинон дээр үгэнд орохгүй байгаа нэгнийг ингэдэг юм билээ” гээд нэгнээ пивоны шилээр цохихгүй гэх газаргүй. Үүнийг кино найруулагч санасангүй юу аль эсвэл киноны жанр нь ийм болохоор тоосонгүй юу...
Үүнээс гадна кинонд гарах атаманууд бүгд хутга, буутай явна. Энэ мэдээж өнөө мафийнхны сүр хүчийг үзүүлж буй хэрэг байх л даа. Гэхдээ энэ киног үзсэн, атаман болохыг хүсдэг дэггүй хүүхдүүд минь үүнийг дууриагаад хутга түрийлж яваад муу хэрэгт орооцолдчихвий...
Киног дуусан дуустал нэг иймэрхүү эмзэглэл төрж байлаа. Зарим зодооны хэсэг дээр нүдээ дарж ч үзэв. Дэлгэц дүүрэн цус, хэнгэрэг хагалам чанга хараалын үгс сайнаар яривал эд, эс сэргээх шиг болсон.
Хэдийгээр хар бараан зүйл их байсан ч дүүгээ, ахыгаа бэтгэртлээ санасан амин холбоотой ах, дүүгийн ахин учрал хийгээд, мөнгө ямар үед хүчтэй болж, ямар үед үнэ цэнээ алддагийг үнэнээр өгүүлснийг нь магтах хэрэгтэй.
Ах, дүүс ахин уулзсан ч, амьдралын хуудсыг дахин эргүүлж чадсангүй. Хангай дүүгээ хамгаалан бурханы оронд одсоноор аймшигт зодоон, нүдээн дуусна. Төгсгөлд нь Цэнгэл ахынхаа хүүтэй уулзаад “Миний ах атаман байсан юм аа” гэж хэлснээр киноны нэрний зангилаа тайлагдах аж.
Кино танхимаас гарах үзэгчид “Хэрвээ ах нь атаман биш байсан бол...” гэх үгсийг болоод өөр өөрсдийн үргэлжлэлийг ярьж байв. Нээрээ л ах нь атаман байгаагүй бол яах байсан бол...
Төгсгөлд сонирхуулахад, тус киноны уран бүтээлчид киноноосоо болж шүүхэд дуудагдаж байсан билээ. Шүүх тэднийг “Киноны зураг авалтандаа зориулан маш их хэмжээний мөнгийг хуурамчаар хэвлэж, зураг авалтанд ашигласан” гэж буруутгаж байсан юм. Гэхдээ иймэрхүү жанрын уран бүтээлд их хэмжээний “ориг” мөнгийг ашиглаж, түүнийгээ шатаах ямар ч боломжгүй гэдгийг хуулийн байгууллага ойлгосон гэсэн шүү.
Эрчүүдийн “зэрлэг” орон зайд тавтай морил | ||
Үзсэн: 19813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.