Бид арван жилийн сурагч ахуй цагаасаа л нөхөрлөсөн юм. Нөхөрлөлийн маань шалтгаан бол шүлэг. Булганы арван жилийн сургуулиудын шүлэг бичдэг нөхдийг “Уран Өд” дугуйланд Нанзадын Хишигдорж багш маань нэгтгэхэд нэг их зантай ч баймаар “бараан” нөхөр дотночлон танилцсан нь Баасанжаргалын Эрдэнэцогт маань байлаа.
Н.Хишигээ багшийн дугуйланд Б.Эрдэнэцогт, С.Очиртөмөр, н.Сайханцэцэг, Б.Мөнхбаатар, Р.Ванчигмаа, н.Гантулга, н.Санжаасүрэн, н.Баттуяа... гээд тухайн цагтаа шүлгээр “өвчилсөн” охид, хөвгүүд чуулдаг байлаа.
Тэдэн дундаа Б.Эрдэнэцогт, С.Очиртөмөр нар арай л өөр нь. н.Цогоо байнга номын санд сууна. Тэгээд зөвхөн Я.Цэвэлийн толийг л дэлгэчихсэн сууна. “Цэвэлийн толь дээр шүлэг байхгүй ч шүлэг бичих үндэс суурь тэнд байдаг юм..” гэж бас цэцэрхэхээ ч мэднэ. Үнэндээ тийм л байж. Үгийнхээ учир утгыг мэдэхгүй байж “цойлдож” өгдөг байсан бид Цогоогийнхоо хэлсэнээс санаа авч мэддэг үгээрээ бичихийн чухалыг таниж билээ. Тэндээсээ жигүүр алдалсан бидний дөрөв нь “Утга Зохиолын Дээд Сургууль”-ийн босгоор хөтлөлцөн орсон юм.
Манай Б.Эрдэнэцогтыг тойрсон хөгжилтэй гэгээн дурсамж олон. Ийгл телевизид ажиллаж байсан үе нь. Мань хүн хоржоонтой л доо. Юу ч бодож саналгүй, үгийн хариуд үг барина. Ажил нь тарах болчихсон өрөө хэсэн сэлгүүцэж явтал, ажлынхнаас нь нэг нь: -Цогоо автобусны мөнгө байвал зээлээч гэж гэнэ. Өдөр нь залбирал үйлдэж суухыг нь харсан мань хүн. -Өдөр та эзнээсээ юм гуйгаад байсан цаадах чинь өгөөгүй юм уу? гэж хариулсан гэдэг.
...ТV9 телевиз байгуулагдахад анхдагчдынх нь эгнээнд зогсож, тулгыг нь тулалцсан сэтгүүлчдийн нэг бол Баасанжаргалын Эрдэнэцогт маань юм. "Найз нь шинэ телевизэд орох гэж байгаа. СУИС дээр сургалтанд явж байна. Гэхдээ мэдээ унших хүнийг гамм уншуулж яадаг юм бол би ойлгохгүй байгаа юм. Өчигдөр бид нарыг зогсоож байгаад нот уншуулаад... багш дагаад хэлээрэй... ля ля ля... гэхээр дагаад хэлсэн чинь. "та нар дотор нэг солгой хүн байна даа. дахиад хэл дээ" гэхээр нь мань дуугай болчихсон. Багш гайхаад "сонин юм даа одоо зүгээр байх юм, дахиад хэлдээ, нэг нэгээрээ хэлээрэй" гэхээр нь дагаад ля ля... гэсэн чинь "Өө чи чинь солгой юм байна гэдэг байна ш дээ. Хасчихгүй байгаа... " хэмээн болгоомжтой бөгөөд аминчлан ярьж байсан нь саяхан мэт боловч даруй арван он өнгөрсөн байна. Тэрнээс өмнө Ийгл телевизэд хүчээ үзэж явсан. Бүр тэрнээс өмнө оюутан ахуйдаа сонинуудаар мэдээ бичиж, “Time Out” сонин, "Сэрүүлэг" сонин, "Хатагтай" сонин... зэрэг сонинуудад ажиллаж, оюутан ангийнхнаа кино болон хуушууранд даадаг бийлэгчүү оюутан байж билээ.

сэтгүүлч Б.Эрдэнэцогт, яруу найрагч найз нарынхаа хамт
Оюутан ахуй цагаасаа сэтгүүлзүйн хар, шартай "хутгалдаж" мөн чанарыг таньсан билээ миний анд. Анд маань Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид гуайн хэлсэнчлэн “ Монголын сэтгүүлзүйн нэр төрийг сэвтээлгүй авч яваа сэтгүүлчдийн нэг бөгөөд ямар телевизэд орж ажиллахдаа тухайн телевизийнхээ нэрийг өөрийн нэртэй, сэтгүүлчдийнхээ нэртэй хамт өргөж явдаг чавдартай сэтгүүлч...” юм. Цогоогоо шүлгээ орхисон байх гэж нэг хэсэг бодож байлаа. Гэвч миний тэр бодол алдаа байсан юм. Харин ч олон гэгээн мэдрэмжтэй шүлгүүдээ бичсээр байж. Бүр ном болгохоор бэлдсэн байна билээ. Соёлын Гавьяат зүтгэлтэн Хаан найргийн хатан болсон Ш,Дулмаа багшийндаа бид чуулж, шинэ шүлгээ уншдагсан. Оюутан байхад Цогоо л хамгийн олон шүлэгтэй ирнэ. Бас хамгийн гоёор сэтгэнэ.
...Нар сэрэх зүүн саахалтын салаа гэзэгт
Намайг атга чихэрнээс худалдаж,
Ижийтэй минь найзалсан ховч шар... \Багын Солонгоо\ ч гэх шиг
...Хатан титэмтэй цэцэгүүд шивнэж ургахад
Хайр төрөх
Хавраар ургасан навчис намар руу хийсэхэд
Хагцал төрөх... \Төрөхүй\ гэж бас мэдрэх,
Миний ижийгийн гадаах овоолгоостой аргал шиг
уулан дээр
Миний ижийгийн намайг харуулдсан нүд шиг
ганц мод байдаг
Болжмор шувуу мөчир дээрээс нь дэргэн нисэх нь
Бор гэрийн минь галтай тулганаас манан татах шиг
Нэг тийм зовхиноос төөрсөн сормуус мэт мод байдаг... \Ганц модны анир\ хэмээн урлах зэрэг нь Цогоо маань дотоод ертөнцдөө ямархан тансаглал тээж явдагийн гэрч гэлтэй.
Миний ижийгийн гадаах овоолгоостой аргал шиг
уулан дээр
Миний ижийгийн намайг харуулдсан нүд шиг
ганц мод байдаг
Болжмор шувуу мөчир дээрээс нь дэргэн нисэх нь
Бор гэрийн минь галтай тулганаас манан татах шиг
Нэг тийм зовхиноос төөрсөн сормуус мэт мод байдаг... \Ганц модны анир\ хэмээн урлах зэрэг нь Цогоо маань дотоод ертөнцдөө ямархан тансаглал тээж явдагийн гэрч гэлтэй.
Гэргий Ч.Бадамрагчаатайгаа оюутан ахуй цагтаа учирч маш олон шүлгээ зориулж бичсэн билээ. Сайн хань нь түүнд хоёр сайхан хүү төрүүлж гараас нь хөтлүүлсэн юм. Тэдний аз жаргал үргэлжлэнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэнэм.
Оюутан ахуй цагаасаа сэтгүүлчдийн хүрээнд “жижиг” Цогоо,” Булганы” Цогоо хэмээн овоглуулж ирсэн анд маань одоо харин сэтгүүлчийнхээ хувьд жинхэнэ эр бяр тэгшрэх насан дээрээ ирлээ. Гэвч анд маань өвчний улмаас шаналж, өвчтөний орон дээр гараад байна. Андтайгаа шүлэг ярьж суух гэрэлт цаг ирнэ гэдэгт ч итгэнэм. Б.Эрдэнэцогтыг маань аварч, сэтгүүлзүй, яруу найрагт дуу хоолойгоо үргэлжлүүлэн цангинуулах нас нэмж хайрла хүмүүсээ...
Сэтгүүлч, яруу найрагч Л.Ганзул
Сэтгүүлч Б.ЭРДЭНЭЦОГТЫН хандивын дансны дугаар:
ХААН банк 5031681805
Мессеж илгээх дугаар: 155889
ХААН банк 5031681805
Мессеж илгээх дугаар: 155889
| Андтайгаа шүлэг ярьж суух өдөр ирнэ гэдэгт итгэнэм | ||
| Үзсэн: 2253 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.