(түрүүч нь http://mnb.mn/i/3356), (үргэлжлэл)
Уншигч та намайг уучлаарай. Болдыг энд түр орхиод, түүнтэй ярилцсан Туяатaй та бүхнийг танилцуулъя. Хэрэв та Англид байдаг бол би хэлсэн хэлээгүй Туяа эгчийг сайн мэдэх байх. Олон хүнийг баярлуулж, сэтгэлээ тэжээн урам зориг авдаг сайхан сэтгэлтэй бүсгүй байдаг билээ. Энэ үгүүллэгийн нэрийг ''Амтат бялууны амтыг үгээр хэрхэн дүрслэх вэ?'' гэсэн нь ч учиртай. Нэг өдөр миний бие бялууны амтыг үгээр хэрхэн хэлэх вэ? гэж бодсоор түүнтэй уулзаж асуухаар шийдсэн юм. (Энүүхэндээ хэлэхэд бас тийм ч биш юм аа. Англид гарын таван хуруунд багтахаар монгол бизнес эрхлэгчид байдаг. Тэдний нэг, бид бүгдийн гар утсан дээр дугаар нь байдаг хүн бол Туяа эгч яах аргагүй мөн. Тийм учраас би түүнтэй уулзаж монголчууддаа туршлага болох болов уу хэмээн бодоод бизнесийн санаа яаж олох, хэрхэн түүнийгээ хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.)
Торт Туяа (би гар утсандаа ингэж тэмдэглэсэн) Ийст Лондонд төрмөл буюу оргинал нөхөр (өөрөө тэгж дууддаг) ганц, төрүүлсэн хүү хоёр, төрүүлсэн охин нэгтэйгээ хамт амьдран суудаг, цайлган сэтгэлтэй бүсгүй. Уулзаад нэг үдшийн турш бид хоёр элгээ хөштөл инээлдсэн. Гэрт нь хаа сайгүй дэвтэр, цаасны тасархай, бал байх юм. Яадаг юм бэ? гэсэн чинь захиалга бичдэг гэнэ. Одоо гэрийнхэн нь бүгд сургуультай болчихсон, Туяа эгч утсаа аваад захиалга бол толгойгоо дохиход л үзэг цаасыг нь дөхүүлж өгдөг гэнэ. Гурван настай бага банди нь хүртэл авчирч өгдөг гэнэлээ. Эндэхийн олон монголчууд өглөө эрт ажилд гарч, шөнө дөлөөр гэртээ ирдэг болоод ч тэр үү, өглөө тав, зургаагийн үед, шөнө нэг, хоёр цагт утасдах тохиолдол бишгүй л байдаг гэнэ. Тэрээр өөрийнх нь зүтгэл талаар өнгөрөөгүй байна хэмээн бодож утас дуугарах болгонд баярлан, аль болох түргэн шуурхай захиалгаа авч, хэрэв удвал захиалагчийн маань утасны мөнгө гүйнэ хэмээн санаа зовдог гэнэ.
Туяа эгч английн монголчуудын нөхцөл байдлыг сайн мэддэг учир, тус дэм болохсон гэж үнэн сэтгэлээсээ боддог нэгэн. Яаралтай амтат бялуу бэлэглэх шаардлагатай ч банк хаачихсан, дээрээс нь өөрөө завгүй нэг захиалагчтай шөнө очиж уулзан зурвас, мөнгийг нь авч байсан тохиолдол ч бий ажээ. Тэрээр:
—Миний хувьд бол хэрэглэгч хаан гэдгийг байнга санаж, аль болох хүнд тустай, сэтгэлээсээ л үйлчлэхийг чармайдаг, тэрнийхээ хүчинд ч байнгын үйчлүүлэгчидтэй болсондоо их баяртай байдаг. Утас дуугарах болгонд би баярладаг шүү гэж байлаа.
Монголдоо очилгүй арваад жил болсон, аав ээж, ар гэр, анд нөхдөөсөө хөндийрсөн залуус ч олон байдаг. Тийм залуус сэтгэлийн гансарлаа амтат бялуугаар эмчлэн тасарсан холбоогоо сэргээсэн тул баярласан талархснаа Туяа эгчид байнга илэрхийлдэг. Зарим нь бүр зурвасаа хэрхэн бичихээ түүнээс асуун, зав муутай явбал та бичээд явуулчихаар гээд өндөр итгэлийг хүлээлгэдэг ажээ.
—Өдөр бүр хүмүүст гэнэтийн бэлэг барьж сайн сайхан, баяр баясгалангийн шалтаг болдогтоо их сэтгэл хангалуун явдаг. Манай монголчууд чинь хүн хоосон гаргах дургүй болохоороо гэрт нь бялуу хүргэж өгсөн хүмүүсийг цай уугаад гар, хоол идээд яв гэх нь элбэг. Ялангуяа өндөр настай хүмүүс их баярлаж хэлэх үгээ олохгүй хоёр гараа тосож авдаг. Харин хүүхдүүдийн нүд бол орж ирээд л гаран гартал нь торт ширтээстэй байдаг гэж байгаа хэмээн тэр хэлсэн.
Туяа эгчийн бялуу ч амтайгаараа алдартай. Амтат бялуу гэдэг нэрэндээ яг таарсныг английн монголчууд Монголд амссан ар гэр, амраг садан, найз нөхдөөсөө сонсож сайн мэддэг болсон. Англиас ирсэн торт амттай байхаас ч өөр яах билээ дээ гэсэн үнэмшил английн монголчууд, монголын монголчуудын дунд аль хэдийн бий болжээ.
Туяа эгч ба түүний багийнхан Англиас захиалсан амтат бялууг худалдаанд гаргадагүй, онцгой чигээр нь байлгах бизнесийн зарчим бас баримтлана. Тэдний бялуу амттай байдгийн бас нэг шалтгаан нь ар талын баталгаа сайтайд бий. Өнгөрсөн жил Монгол дахь хамт олон нь 2005 оны хэрэглэгчдийн найдвартай түнш болж, Монголын Тэргүүний тогооч цолтой дүү нь шилдэг 10 бизнес бүсгүйгээр тодорчээ.
Гэр бүлийн бизнесийн нэг давуу тал нь хэрэв үнэхээр л сэтгэл нэгдвэл нэг зорилгын төлөө нягтарч ажиллаж чаддаг гэж Туяа эгч хэлсэн бөгөөд тэрээр гэрийнхээ хамгийн том нь болохоор бүгдийг Англиас командлаж, атмаанддаг аж.
—Тэнд хийж байгаа хүмүүсийнхээ гомдлыг би хүлээж авдаггүй. Харин эндээс үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг тулгадаг. Би сэтгэлийн бэлгээр тоглоё гэж бодоогүй, одоо бид үйлчлүүлэгчдийнхээ хүссэнээр зөвхөн амтат бялуу биш бас бэлэг дурсгалын зүйлс дагалдуулж өгч байгаа. Хүслэнт хүнээсээ бэлэг авах шиг сайхан зүйлс хаа байх билээ. Амтат бялуугаар Англи, Монголыг холбож, хэн нэгнийх нь сэтгэл зүрхэнд итгэл, найдвар, аз жаргалыг авчирдаг гэж бодоход их урамтай байдаг гэж Туяа эгч туяа цацруулан ярихыг нь сонсоход сэтгэлийн илч дулааныг нь мэдрэх шиг болсоон.
Түүний яриаг сонсож суухад, мөнгө бол хүний амьдралд гарцаагүй хэрэгтэй зүйл. Гэхдээ олон жил уулзаагүй найздаа, ажлынхаа хамт олондоо, эсвэл хэн нэгнийхээ насны ойгоор, шагнал авсных нь баяраар заримдаа алс суугаа хүмүүс юу бэлэглэхээ мэддэггүй. Тэгэхээр мөнгө хэдий хэрэгтэй ч бидний сэтгэлийг тэр бүр илчилж чаддаггүй. Харин санамсаргүй байхад нь төрсөн өдөр, баяр наадмын үеэр амтат бялуу алс газраас мөнгөнийхөө оронд бэлэглэвэл юу юунаас илүү хүний сэтгэлийг илчилж өгөх юм байна даа гэж боддогдож байлаа.
Тухайлбал, өнгөрсөн цагаан сараар үнэхээр олон хөгшчүүл гэнэтийн амтат бялуу авч баярлажээ. Цагаан сарынх нь ширээн дээр өнгө үзэмж сайтай Англиас ирсэн амтат бялуу байж байх нь үр хүүхдээрээ бахархах, тэднийхээ тухай ярих нэг сайхан сэжим болж өгдөг аж. Харин сургамжтай ч гэмээр, хөгжөөнтэй ч гэмээр нэг явдлыг Туяа эгч надад ярьж өгөхөд би элгээ хөштөл инээсэн ч, хөөрхий настан буурлыг бас өөрсдийнхөө байдлыг өрөвдөх шиг болсон:
Англид ирж ажиллаад гурван жил болсон хүү нь өндөр настай ээж, ар гэрийнхэндээ амтат бялуу захиалсныг Туяа эгчийн дүү Хайлаастад хүргэж өгч л дээ. Бялуу оруулж өгөхдөө Туяа эгчийн дүү:
—Хүү чинь Англиас амтат бялуу илгээгээд танд болон эгч дүү нартаа “Хамгаас эрхэм ээж, эгч, гурван дүүдээ аз жаргалын дээдийг ерөөгөөд, хүү чинь ажил хийж, мөнгө цуглуулаад удахгүй та нар луугаа очно” гэсэн зурвас илгээлээ гэтэл өндөр настай ээж нь гэнэт уйлж:
—Манай хүү чинь их алиа хүүхэд байгаа юм. Эхлээд бэлгээ оруулж өгөөд дараа нь өөрөө орж ирэх нь гээд гэнэт айлчилсан амтат бялуу руу нэг, авчирч өгсөн хүн рүү нэг харч эхэр татан, хангинатал уйлжээ. Гэртээ байсан гурван дүү нь ч барайгаад яахаа мэдэхгүй, ээж рүүгээ, бие бие рүүгээ харцгаан дуугүй босоод зогсцгоож. Ийм юм болно чинээ төсөөлөөгүй Туяа эгчийн дүү ч хэсэгтээ л яахаа мэдэхгүй алмайрснаа гэнэт сэхэл аван:
—Үгүй ээ, эгч минь тийм биш. Танай хүү чинь Англид байгаа—
—Тэгвэл наадах чинь юу юм бэ?
—Энэ бол Англиас захиалсан амтат бялуу—гээд үгээ хэлж дуусаагүй байхад нь:
—Тэгээд—хэмээн өөрөө ч үгээ дуусгалгүй уйлжээ.
—Та буруу ойлгоод байнаа. Манайх Англиас захиалгаар амтат бялуу Монголд байгаа гэр бүлийнхэнд нь авчирч өгдөг газар байгаа юм. Танай хүү бүгдийг төлсөн. Тэгээд таньд торт захиалсан...гээд л учирлажээ.
Настан буурал нэг л итгэхгүй, их л алиа хүүхэд байгаа юм даа. Ингэж ээжээрээ тоглох ч гэж дээ гэсээр суужээ. Азаар тэр үед хүү нь Англиас утсаар залгаж, ээжийнхээ зовсон нулимсыг, баяр хөөрийн нулимсаар солин тэдний бор гэр Англиас илгээсэн бөөн гэнэтийн баяр баясгалангаар бялхаж дээ. Хөөрхий настан буурал хэчнээн их баярласан бол доо.
Буянтай монгол эхчүүдээ нэг удаа ч гэсэн баярлуулахад бидний үйлс өөдрөг явах нь гарцаагүй. Хол газар хэдэн жилээр явахдаа, хэдийгээр утас шөрмөсөөр холбогддог ч гэлээ үрчлээг нь тэнийтэл ганц удаа ч гэсэн бид баярлуулж чадаж байна уу даа...
Туяа эгч бид хоёр бизнесийн тухай олон зүйл ярилцсан. Түүний хэлсэн саналууд надад их авууштай санагдсан. Анх амтат бялууг гэрт нь хүргэж өгөх санаагаа эндэхийн pizza delivery-гээс олсон гэнэ.
Хэдийгээр хүн бүхэн үүнийг мэддэг ч яг хэрэгжүүлээд хийсэн нь хэд билээ. Тэр дундаа алс газраас Улаанбаатарт хүссэн хаягаар нь бэлэг аваачиж өгсөн нь олон биш. Миний мэдэхийн л Англид бол ганцхан Туяа эгч байна. Эндээс би бизнес их жижигхэн зүйлээс эхэлж, өргөждөг юм байна гэж ухаарсан.
Санаа олох нэг өөр, санаагаа хэрэгжүүлэх бас нэг анги билээ. Туяа эгчийн хэлснээр бол гараагаа бага гэж гололгүй, хүн бүхэн чаддаг зүйлээ барьж авбал зүгээр гэнэ. Хэрэв их анзааргатай явбал бизнесийн их олон санаа оноо эндээс олж Монголд хэрэгжүүлж болмоор байгаа ажээ. Мөн түүний бизнес амжилттай байгаагын нэг шалтгаан нь, миний ажигласнаар, үйлчилгээгээ үргэлж шинэчилж, сайжруулахыг эрмэлздэгт бий. Өөрийнх нь хэлснээр тэр өлөн нүдлэн хаа очсон газраа бялууны шинэ загвар, үйлчилгээний дэвшилт хэлбэрийг ажиж явдаг гэнэ лээ.
—Энд байхдаа л бизнесээ сэдэж эхлүүлмээр юмшиг. Заавал Монголд очоод эхлэх албагүй шүү дээ. Хэдийгээр бид харьцангуй цөөхөн ч биеэ биенээ дэмжээд явбал бүтэхгүй юм гэж байхгүй байхаа. Намайг анх 2004 онд эхэлж байхад Монгол Центр, Монгол прокат гээд бүгд л тусалсан. Одоо хүртэл манай зарыг тавин, утсыг маань асуусан болгонд хэлж өгч их тус болдог. Энэ мэтчилэн нэг нэгэндээ бид тусалвал бүгд л хожино гэж тэр хэлсэн.
Цаг хугацаа байнга өөрчлөгддөг шиг бизнес ч мөн өөрчлөгдөнө. Тиймээс шинэ цаг үе, шинэ боломж, шинэ санаа, оноо төрүүлнэ. Тэр бүгдийг мэдэрч өрсөж л хийж чадсан нь хождог билээ. Гэхдээ Туяа эгч ганцхан би гэсэн өвчнөөр өвчлөөгүй. Тиймээс олон английн монголчууд бизнес эрхлэн, ажил амьдралаа дээшлүүлээсэй хэмээн хүссэн бүхэнтэй уулзаж зөвлөгөө өгдөг.
Мэдээж аливаа амжилтын зэрэгцээ алдаа; магтаал талархлын хажуугаар зэмлэл ч байсан. Тэрээр эрүүл сэтгэдэг учир үүнийгээ нууж хаадаггүй. Надад тэрээр:
—Алдаа байлгүй яахав. Зэмлэл шүүмжлэл ч сонссон. Шөнө болгон 01 цагт Монгол руу утасдан өдрийн мэдээгээ авч алдаа оноогоо ярилцдаг. Анх баярын өдрүүдэд гэнэт захиалга их ирж цаг алдах тохиолдол байсан. Тэр бүгдэд нь бид сургамж авч алдаагаа засахыг чармайдаг. Ихэнх зэмлэл хүртсэн шалтгаан нь замын бөглөрлөөс болдог гэнэ лээ. Амтат бялуу зөөдөг тэрэг хурдан давхиж болохгүй, замын хөдөлгөөний аясыг дагахаас өөр аргагүй байдаг гэж хэлж байсан.
Үнэхээр ч тийм байгаа байх Улаанбаатар ямар ч гудамжны зохион байгуулалтгүй, тэр бүү хэл гудамжны ч нэргүй, авто зам нь нарийхан, дээрээс нь том том суудлын тэргүүд их давхидаг болсон болохоор байсхийгээд л п-гаа урсгасан, гартаа төмөр, цохиур барьсан том, том мангаа эрчүүд ханцуйгаа шумлан тааралдах нь олширсон ажээ.
—Бид Улаанбаатарын хаа ч байсан хүргэж өгч байгаа, зарим үйлчлүүлэгч маань дахин дахин лавлан, манайх гэр хороололд байдаг гэж асуудаг. Бидэнд бол гэр хороололд байна уу, 3-р хороололд байна уу ялгаагүй. Бүгд л адилхан манай үйлчлүүлэгчид билээ хэмээн түүнийг хэлэхэд надад сайхан санагдаж байлаа.
Туяа эгч ажил үйлс нь амжилттай яваагаа Англид ажиллаж, амьдарч буй бид бүгдийн ач хэмээн бодно. Анхны захиалагч Анхбаярын нэрийг мартаагүй, Хүслэн хүүд нь төрсөн өдрийн амтат бялууг нь жил болгон хүргэхээ ааваас нь ч түрүүлж санана. Амтат бялууны амтыг амсаагүй хүнд хэрхэн дамжуулах вэ? гэсэн миний зүггүй асуултанд тэрээр, сэтгэлийн дулаанаар гэж түгдрэлгүй хариулав. Нээрээ ч, хүн хүндээ муу санаж амтат бялуу бэлэглэхгүй, тэр тусмаа хол газраас…тиймээс сэтгэлээсээ өгч байгаа бэлгээ бид сэтгэлээсээ бизнесээ хийдэг, түүнээсээ таашаал авдаг хүмүүсээр дамжуулахыг хүснэ. Тэр хүмүүсийн нэг нь Туяа эгч юм. Түүний хэлснээр сэтгэлийн бэлэг арвиждаг гэдэг шиг үйлчлүүлэгчид нь ч арвижан зөвхөн английн төдийгүй австри, францын монголчууд хүртэл захиалдаг.
Сэтгэлийн дулаанаар алс газарт суугаа хүмүүсийг холбоно гэдэг сайхан хэрэг юм даа.
Х.Эрдэмбилэг
(Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нийтлэв.)
(үргэлжлэл бий)
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.