Шууд Chart

Үндэсний бөхийн холбоог “үүц”-ээ задлахыг шаардав

2014-11-19 09:54:23

Үндэсний бөх сонирхогч хэсэг залуус сэтгэл нийлэн "Монгол бөхийн хөгжил, шинэчлэл" ТББ-ыг байгуулжээ. Тэд сүүлийн жилүүдэд Монгол үндэсний бөхийн салбарт үүсээд байгаа нөхцөл, зөрчилтэй асуудлаар "Монгол бөхөө аваръя" сэдвийн хүрээнд мэдээлэл хийв.  Энэ үеэр олон мянган жилийн түүхтэй үндэсний бөхөд тулгамдаад буй 10 асуудалд байгууллагынхаа зүгээс дэвшүүлсэн зорилтыг танилцуулсан юм.

Эдгээрт сүүлийн үед Үндэсний бөхийн нэр хүндийг унагаагаад байгаа давааны найраа, допингийн хэрэглээ багтжээ. Мөн бөхчүүдийн жудаггүй үйлдэл буюу үзэгчдийг үл хүндлэх,  нутгархах буюу дов жалганы үзэл, Монгол бөхийн өргөөнд барилдах бөхийн тоог нэмэгдүүлэх зэргийг хөндсөн юм. Тэд нийт бөх сонирхогчдын хүлээлт болсон эдгээр асуудлыг дэвшүүлэн Монгол үндэсний бөхийн холбоонд хандсан байна. Гэтэл одоогийн Үндэсний бөхийн холбооны удирдлагууд зүй бусаар харьцсан талаар тус холбооны залуус онцлов. 

"Монгол бөхийн хөгжил, шинэчлэл” ТББ-ын тэргүүн Р.Болдбаатартай хэдэн хором ярилцлаа. 

-Үндэсний бөхөд тулгамдсан асуудал олон байгаа талаар мэдээллээ. Үүнийгээ жаахан тодруулж ярихгүй юу?

-Сүүлийн үед допинг хэрэглэх, олон мянган үзэгчийн өмнө нэгийгээ цохих, давааны найраа хийх зэрэг зүй бус үйлдэл бөхчүүдээс гарах болсон. Гэтэл энэ бүгдэд Монголын үндэсний бөхийн холбоо нүдэн балай, чихэн дүлий байгаа нь харамсалтай байна.  

-Эдгээр асуудлаас гарах гарцыг танай байгууллагын зүгээс хэрхэн харж байгаа вэ?

-Одоогийн холбооны тэргүүлэгчид 1990 оноос хойш солигдоогүй. Хэдхэн хүн үндэсний энэ том соёлыг өөрийн өмч юм шиг санаж, дураар аашилж байгаа нь гол асуудал юм. Энэ хэдэн хүн л хаалттай хэлэлцэж үндэсний бөхийн бүх асуудлыг шийдэж байна.

-Нээлттэй болгохын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ?

-Юуны өмнө Үндэсний бөхийн холбооны хамгийн том хурал буюу хий-гийн гишүүдийг шударгаар сонгож, олон талын төлөөлөл оруулах юм. Мөн холбооны зүгээс Үндэсний бөхийн сурталчилгаа, олон нийтэд мэдээлэл түгээхэд ач холбогдол өгөх хэрэгтэй байна. Холбооны сонин гэхэд л хоцрогдсон мэдээлэл гаргадаг. Цахим хуудас нь ажилладаггүй зэрэг хүүхэд, залуучуудад эцэг, өвгөдийн соёлыг танин мэдүүлэх ажил хийгдээгүй удлаа. Би энэ асуудлаар холбоонд хандахад “Бид энэ асуудалд анхаарал хандуулах ёсгүй. Та нар наад ажлаа хий” гэж хариулсан.

-Зүй бус үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцох нь сул байна гэлээ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч цол олгодог асуудлыг болиулах хэрэгтэй. Учир нь Ерөнхийлөгчийн зарлиг гаргаад цол олгодог. Дараа нь түүнийг цуцлах эрхтэй хүн байдаггүй.

-Үндэсний бөхийн спортод барьц сонгох ч гэдэг юм уу, өөрчлөл орж байгаа шүү дээ?

-Шахааны бөхийн барилдаан гарч ирээд Монгол бөх хөгжөөгүй. Жишээлбэл, олон зуун мэхний хувилбартай үндэсний бөхөд уран барилдаан гарах нь ховордсон. Бөхчүүд жин нэмэх гэж уураг бэлдмэл хэрэглэх болсон. Энэ нь эргээд бөхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Энэ мэт Монгол бөхийн ариун дагшин байдалд санаа зовсон залуус Монгол бөхийн холбооноос түрүүлж дуугарав. Тэдний хэлсэн Монгол бөхийн ёс жудаг алдагдсанхэмээх таван үгний хамгийн ойрхон жишээг дурдъя.

Ардын хувьсгалын 93 жилийн ойн  баяр наадам сайхан бол бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын уугуул, харцага Н.Батсуурь түрүүлж арслан цол хүртсэн. Харин хүчит бөхийн гурвын даваанд улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Г.Баасандоржийг амлан авч барилдсан. Гэсэн ч улсын начин маань барьц сонгуулж өвдөг шорооджээ. Энэ байдалдаа уурссан начин Б.Сугаржаргал тухайн барилдааны хөлийн цэцээр ажиллаж байсан, чөлөөт бөхийн Олимп, дэлхийн хүрэл медальт, үндэсний бөхийн улсын харцага Д.Сэрээтэрт гар хүрч, наадамчин олны дургүйцлийг хүргэсэн. Дээрх байдалд нь гомдолтой байгаагаа МҮБХ-нд харцага маань илэрхийлжээ.

Мөн өнгөрсөн сард БНСУ-аас энэ жилийн наадамд тав давсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу ирэв. Гэтэл энэ жилийн үндэсний их баяр наадмаар улсын начин цол хүртсэн хоёр бөхөөс хориглосон эмийн бодис илэрсэн. Тэд бол Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Н.Адъяабат болон Говь-Алтайн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун нар юм. Энэ мэт үзэгч түмнийг хуурч, жудаггүй үйлдэл гаргасан үйлдлийг шүүмжлэн дуугарах залуусын мэдэгдэл нийт бөх сонирхогчдын хүлээлт байсан юм. Тэд өнөөдөр Үндэсний бөхийн холбоог “үүц”-ээ задлаач хэмээн хурал хийж буй нь энэ аж.  

 

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Үндэсний бөхийн холбоог “үүц”-ээ задлахыг шаардав  
Үзсэн: 3355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.5.206.xxx [202.5.206.xxx] 2015-03-26 11:14
Залуучуудын гаргасан ТББ-г дэмжиж байна. Ямар ч дарамт шахалт ирсэн буцаж няцаж болохгүй. Бөхчүүдийн энэ замбараагүй байдал илэрхий ард түмнээ үл хүндэтгэж басамжлан доромжилсон байдалтай болж байгаа.Та нарыг дэмжиж байна
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-20 19:58
Монгол бөхийн гайхамшиг,бөхчүүдийн ёс жудаг алдагдаж,найраа хийж мөнгөний төлөө барилддаг болсон энэ үед зөв алхам хийж байгаа "монгол бөхийн хөгжил,шинэчлэл" ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж байна. Давын өмнө Үндэсний бөхийн холбоог шинэчилэх хэрэгтэй. Та бүхний энэ санал санаачилгыг орон нутагт ч ажил хэрэг болгоход бэлэн байна.Манай сум улсын заан Т.Авдигажы, улсын харцаг ,гавьяат тамирчин О.Бахыт, аймгийн хурц арслан, бөхийн чөлөөт барилдааны спортын мастар Х.Хажмухан нарыг төрүүлэн гаргасан бөхийн өлгий нутаг юм.
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2014-11-19 10:37
ахмад, залуу аль аль нь ойлголцоод явж болдогүй юм уу. уг нь монгол зан заншил, соёл уламжлалыг хамгийн их хадгалсан спорт бол үндэсний бөх дөө.
218.202.138.xxx [218.202.138.xxx] 2014-11-19 10:13
ter nymdorj geed nasaaraa bohiin holboonii darga hiij bgaa hogshin ovbgoniig odoo solih heregtei ...ter buuud dfaam garaad odoo bohiin soyliig ustgaj bn

Бидэнтэй нэгдээрэй