Шууд Chart

Эмээ...

2014-11-25 11:23:17

Эмээгийн тухай бодлын тунгаамал өнөө өглөө намайг сэртхийлгэлээ. Өглөө бүхэн надтай тааралддаг буурай эмээ одоо ная гатлах гэж байгаа. Хүмүүстэй ярьж байхыг нь би сонссон юм. Нэрийг нь ч мэдэхгүй. Гэхдээ л өглөө бүхэн бид хоёр тааралддаг. Тэр бүхэнд би ээжийгээ боддог. Ийм л жижигхэн эмээ байсан даа. Ээж минь тэнгэрээс бууж ирээд надад олон зүйл ярих шиг санагдана. Би аанай л амьд ахуйд нь хэрэг болгож тоодоггүй чихнийхээ хажуугаар зарим үгийг нь өнгөрөөдөг шигээ бодно.

Эмээтэй өглөө тааралдаад л ээж бодлыг минь эзэгнэнэ. Үргэлжлэл нь ийм юм. Тэгтэл өнөө өглөө тааралддаг эмээ маань харагдсангүй. Би үүгээр түүгээр бүдэг бадаг гэгээн доогуур харцаараа хэсэг хайн нэгжлээ. Үнэхээр л алга даа... Эмээ таараагүй болохоор ээжийн тухай бодол ч намайг эзгэнэсэнгүй...Би хоосон орон зайд бидрэх шиг талбайгаа хэсэг тойрлоо. Эмээ гэдэг энэ зөөлөн үг хүний сэтгэлийн бэлчээрт ямар их идээшилдэг байсан юм бэ...

Эмээ болохгүй юм шиг годгонон гэдэгнэж яваа охидыг хараад цагийн жамыг шилбүүрдтэл нэг ороолгох сон гэж хатуу үг бас бодоод авлаа шүү. Тэгтэл эмээ гэдэг үг ангир цээжийг минь эзлээд муу бүхнээ мартах шиг цэлмээд явчихна... Бодоод байхад төрсөн үрдээ ээж нь эмээ болдоггүй үргэлж мөнх ээж л байдаг юм санжээ. Эмээгийн улаан тор, майгадуу зөөлөн алхаа, зузаан ултай гутал, дугуй ноосон малгай нь нэг нэгээрээ тодроод л байна. Ээжийг санагдуулдаг эмээ маань одоо бодол эзэгнэчихлээ... Аливаа юм эхлэл төгсгөлтэй байдаг болохоор л тэр биз ээ...Эмээ, эмээ...энэ өглөөний нар таных шүү гэж хэлээд хашаанаас гарлаа... Эмээгүй өглөө гэж...

Нийтэлсэн: Л.Мөнхтөр

Эмээ...   
Үзсэн: 5132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй