Шууд Chart

Төсвийн байнгын хороо хуралдлаа

2014-12-02 15:40:26

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөж байсан “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”, “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”, “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-үүдийн төслийг Засгийн газрын асуудал шийдвэрлэгдсэний дараа хэлэлцэх нь зүйтэй, хойшлуулах саналтай байгаа тухайгаа хэлсэн юм. Ингээд тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн саналыг хүлээн авч дээрх хэлэлцээрүүдийн зөвшилцөх асуудлыг хойшлуулж буйг мэдэгдсэн. МАН-ын бүлгээс мөн “Зөвшөөрлийн тухай” хуулийг дагаж өргөн мэдүүлсэн хуулиуд болон “Чөлөөт бүсийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд завсарлага авсан юм.

Үүний дараа хуралдаанаар Дэлхнийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй гурав дахь удаагаа үргэлжлэн хэрэгжих төсөл юм байна. Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25 хувь байх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулахаар тусгажээ.
 
Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн байнгын хороо хуралдлаа  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй