Шууд Chart

Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2014-12-02 17:09:21

Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн юм. Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжив.

Үүний дараа “Зөвшөөрлийн тухай”, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, ойгоос хэрэглээний болон түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгох зүйл, заалтыг хуулийн төслөөс яагаад хассан талаар тодруулж, энэ заалтыг хассанаар модны хулгай замбараагүй болж, дуртай нь мод бэлтгэдэг зохисгүй үйлдлүүд гарна гэсэн шүүмжлэлийг хэлсэн. Гишүүний асуултад салбарын сайд өгсөн хариултдаа, хуулийн төсөл өргөн баригдахад техникийн алдаанаас болж энэ зүйл, заалт хасагдсан байсан. Энэ заалт хуулийн төсөлд зайлшгүй байх ёстой. Иймээс ажлын хэсэг дээр төсөлд буцааж оруулах саналыг оруулна гэв. Мөн УУИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, химийн хортой болон аюултай бодисын ангилалыг тодорхой болгох шаардлагатайг хэлж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Цолмон, зөвшөөрлийг багасгах, оновчтой олгоход анхаарах хэрэгтэйг сануулж байсан юм.
 
Ингээд хуулийн төслийн талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гарсан саналуудыг дэмжсэнээр Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй