Шууд Chart

Эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

2014-12-03 13:54:48

УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр тохиож байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн гэр бүлийнхэний төлөө ажилладаг “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо.

“Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн тус байгууллага юм. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асардаг гэр бүлийнхэнийнх нь нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг байна. Уулзалтад ирсэн ээжүүд тулгамдаад буй асуудлаа танилцуулав. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааны баталгааг хангах тал дээр анхаарал хандуулах, хүүхдээ асраад олон жил ажил хийж чадаагүй ээж, аавуудын ниймгийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн оношлогоо, эмчилгээ, хөгжүүлэлт, нийгэмшүүлэх асуудлыг төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатай байгаа талаар ярилаа.
 
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “УИХ дахь эмэгтэй гишүүдийн анхаарал хандуулдаг нэг чиглэл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал байдаг. Тоо баримтаас үзвэл дэлхийд 650 сая гаруй буюу нийт хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг судалгаа бий. Монгол Улсад нийт хүн амын 6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэж явдаг, энэ үзүүлэлт олон улсын дунджаас доогуур байгаагийн шалтгаан нь оношлогоо, эмчилгээ дутмаг байгаатай шууд холбоотой. Энэ удаагийн УИХ-д сууж буй 11 эмэгтэй гишүүн яг энэ чиглэлээр цөөнгүй ажил хийсэн. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар хэд хэдэн чухал асуудал шийдсэн заалтуудыг оруулсан” гэв. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн асуудлыг тусгай заалтаар оруулах боломжтой талаар танилцуулав.
 
Харин С.Оюун гишүүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар эмэгтэй гишүүд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ойрын хугацаанд Нийгмийн халамжийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой гарсан журмын биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих болно. Түүнчлэн бүх төрийн байгууллага  хуульд заагдсан үүргээ биелүүлж хамгийн багадаа хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажлын байраар хангах хүсэлтийг хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавихаар төлөвлөөд байгаагаа дуулгасан. Мөн "Ээлтэй ертөнц" төрийн бус байгууллагын төлөөлөл болсон ээжүүдийн тавьсан зарим саналыг ажил хэрэг болгох тал дээр бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх боломжтой гэв.
 
Уулзалтын төгсгөлд ээжүүд орлогын эх үүсвэртэй болох үүднээс хөгжлийн билэгдэл болгон унага хийж, худаалдаалж буйгаа дуулгаад УИХ-ын эмэгтэй гишүүдэд дурсгав. Мөн зөөлөн тоглоомын зах зээлд эрэлттэй байгаа энэ энэ гар үйлдвэрлэлийг жижиг дунд үйлдвэр болгон өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй