Шууд Chart

С.Бямбацогт: Бид АН-ын тулган шаардалтыг хүлээн авч, 15 яамтай байхыг дэмжсэн

2014-12-08 14:14:17

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэрийн хэрэгжилтийн талаар дараах тодруулгыг авлаа.

-Өмнө нь МАН-ын бүлэг Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийг өөрчилж 13 яамтай болгоход үүнээс ч илүү цомхотгох боломжтой гэж байсан. Гэтэл одоо 15 яамтай Засгийн газарт хамтарч ажиллах гэж байна. Шинэ Засгийн газрын бүтэц дээр танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-МАН эрх барьж  байх үедээ ч, хамтарсан Засгийн газарт ажиллаж байх үедээ ч Засгийн газрын бүтцийг аль болох цомхон байхыг дэмжиж үүнийгээ хэрэгжүүлсээр ирсэн. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газар 19 гишүүнтэй байгуулагдсан. Бид үүнийг нь байнга шүүмжилж, энэ байр суурин дээрээ саяхныг хүртэл байсан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг болго гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Гэвч харамсалтай нь АН бид дангаараа улс орноо хөгжүүлж чадахгүй нь, бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан. Бид сандал, ширээ бодоогүй харин өмнөх зарчмаа баримталж хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Энэ үеэр хоёр намын ажлын хэсгүүд олон удаа уулзаж ярилцахад заавал энэ бүтцээр ажиллана гэсэн тулган шаардалт эрх баригчдаас ирсэн учраас Засгийн газрын шинэ бүтэц дээр хамтарч ажиллахаар болж байгаа. Тэгэхээр энэ бол манай намын байр суурь биш. Нэгэнт Засгийн газарт хамтарч ажиллах гэж байгаа болохоор эрх баригчдын тавьж байгаа саналыг хүлээж авахаас өөр аргагүйд хүрсэн юм.
 
Бүр тодруулбал, хамтарч ажиллах талаар ярилцах үед манай намын ажлын хэсгээс 13 яамтай байх саналыг оруулсан. Харин АН-ын ажлын хэсгээс 16 яамтай ажиллах саналыг оруулж ирсэн. Ажлын хэсгүүд ярилцаж байж дундын хувилбар болох 15 яамтай ажиллах шийдвэрийг гаргаж тохиролцсон.
 
 -Шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг МАН-ын бүлэг бүгдийг нь дэмжиж байгаа гэсэн үг үү?
-Сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг мэдээж УИХ-ын гишүүд дэмжих үгүйгээ илэрхийлнэ. МАН-ын бүлэг сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг 100 хувь үг хэлэхгүйгээр дэмжээрэй гэж хэлээгүй.
 
-Хамтарсан Засгийн газар байгуулагдахаар дэд сайд болон агентлагийн дарга нарыг солих уу?
-Дэд сайд нарыг сөөлжилж томилж болох юм. Мэдээж УИХ дахь намуудын хувь процентийг хадгалах ёстой гэдэг үндсэн зарчмаа барьж байгаа. Харин төрийн бусад албан хаагчдын тувьд бол "Төрийн албан хаагчийн тухай хууль"-ийг баримтална. Хариуцлагагүй ажилласан, ямар нэг байдлаар хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон зэрэг хариуцлага алдсан төрийн албан хаагчид хариуцлага тооцох бол нээлттэй. Харин хамтарч байгаа гэдэг нэрээр ажлаа хийж чадахгүй байгаа Төрийн албан хаагч нарын толгойг илээд сууна гэсэн ойлголт байхгүй.
 
-2015 оны төсөвт УИХ-ын гишүүн бүрт 90 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед энэ мөнгөнөөс татгалзаж болоогүй юм болов уу. Үүнд бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах, хууль боловсруулах, батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, гадаад томилгоо, унаа, утас, хэвлэл мэдээлэл зэрэг үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тодорхой зардал байдаг. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааны зардлыг хуулиар шийдэж өгдөг. Энэ зардал нэмэгдээгүй, хэвээрээ байгаа. 2012 оноос хойш нэг ч төгрөг нэмэгдээгүй. Хямралтай үед гишүүд өөрсдийн төсөв зардлыг нэмэгдүүлчихсэн гэх ойлголт гарч байгаа бол энэ буруу. Ийм асуудал байхгүй. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүд орон байраар хангагдах зэрэг асуудал байдаг байсан. Үүнээс бид татгалзсан.
 
-Ирэх оны төсвийг хэрхэн тодотгох талаар ажлын хэсгүүдийн уулзалт дээр яригдсан уу?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц батлагдсан даруйд 2015 оны төсвийн тухай хуульд тодотгол хийхээр оруулж ирэхээ мэдэгдсэн.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Бямбацогт: Бид АН-ын тулган шаардалтыг хүлээн авч, 15 яамтай байхыг дэмжсэн  
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй