Шууд Chart

С.Золзаяа: Охин минь хиймэл хөл зүүгээд явдаг болно гэсэн

2014-12-11 14:14:04

С.Золзаяа хэмээх энэ бүсгүй Америк руу эмчилгээнд явуулсан охиныхоо араас эмчилгээний хөлсийг нь төлөхийн тулд  гэртээ наполеон торт хийж, зарж байна. Манай улсад эмчлэгдэх боломжгүй ховор төрлийн өвчтэй охиноо итгэл найдвар тээж харь улсад эмчилгээнд явуулсан тэрбээр “Хэдий сайн санаат хүмүүст охиноо даатгаад явуулсан ч санаа зовоод, араас нь бага ч болов мөнгө явуулахыг хичээж байгаа” хэмээн ярьсан юм.

Түүний охиныг Э.Алигэрмаа гэдэг. Эдүгээ АНУ-д эмчлүүлэхээр сайн дурын байгууллагын гишүүдтэй хамт байгаа. Охины эмчилгээнд их хэмжээний мөнгө шаардагдах учраас аав, ээжийнх нь хэн нь ч охинтойгоо хамт явж чадаагүй аж.
С.Золзаяа эхэндээ өдөрт 4-5 торт хийдэг байсан ч хүмүүс их захиалдаг болсон болохоор ээж, аав, дүүтэйгээ хамтран өдөрт 20 орчим торт хийдэг болсон байна. 

Хүүхдийнхээ эмчилгээнд зориулж байгаа гэхээр хүмүүс өөрсдөө ирээд л авдаг
 
-Наполеон торт хийж эхлээд хэр хугацаа өнгөрөв. Хүмүүс хэр их авч байна?
-10 дугаар сарны сүүлчээс хийж эхэлсэн. Тэгэхээр нэг сар гаруй л болж байна даа. Хүмүүс сайн авч байгаа. Хүүхдийнхээ эмчилгээнд зориулж байгаа гэхээр бүгдээрээ ирээд л авдаг юм.
 
-Яагаад заавал энэ ажлыг хийж эхлүүлсэн юм бэ?
-Хүүхдээ явуулчихаад зүгээр суугаад байх хэцүү. Араас нь бас мөнгө явуулмаар байсан. Тэгээд ажил олж хийх гээд сар гаруй хайсан чинь олдоогүй. Жирэмсэн хүнд чинь ажил олддоггүй юм байна лээ. Тэгээд л үүнийг хийж эхэлсэн.
 
-Би наполеон торт хийж сурахыг хүссэн ч их хэцүү юм байна лээ. Та яаж сурсан юм бэ?
-Фэйсбүүкийн Sweet kitchen гээд группээс анх сурсан юм. Урьд нь бол өөртөө л хийдэг байсан.
 
-Өдөрт ер нь хэдэн торт хийж байна?
-Хамгийн ихдээ 20 орчмыг л хийдэг юм. Үүнээс ихийг хийнэ гэхээр нийтийн байр болохоор тогны хүч муу, хамаг юмаа шатаачих гээд байх юм. Охин маань тэнд удах л юм шиг байна. Тэгэхээр боломжоороо л үүнийгээ цааш нь хийнэ дээ.
 
 
- Найз нөхдүүд нь хэр туслаж байна?
-Найзууд маань бүгд л боломжоороо ирж туслацгаадаг. Би сүмд явдаг юм. Тэгээд манай сүмийнхэн бас ирж тусладаг.  
 
-Та охиноо эмчилгээнд явуулахаас өмнө ажил хийдэг байсан уу?
-Би Үндэсний соёл амралтын хүрээлэнд туслах тогооч хийж байсан.
 
-Та угаасаа мэргэжлийн тогооч юм байна ш дээ?
-Мэргэжлийнх юу байхав дээ. Өөрөө сонирхлоороо л хийдэг байсан юм. Тэр үед хүүхдээ тусгай цэцэрлэгт өгчихөөд цагийн ажил хийдэг байсан. Янз янзын л ажил хийж үзсэн.  
 
-Та ямар мэргэжилтэй юм бэ?
-Гадаад худалдааны менежер мэргэжилтэй. Гэхдээ хүүхдээ төрснөөс хойш мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Хүүхдээ хараад л цагийн ажил л хийдэг байсан.
 
-Танай нөхөр ямар ажил хийдэг вэ?
-АПУ-д борлуулалтын жолооч хийдэг юм.
 
/С.Золзаяагийн гэр бүлийнхэн түүнд тусалдаг/
 
Америкт очоод шинжилгээ өгсөн чинь хүнд байна гээд зургаан хагалгаанд орохоор болсон
 
-Охин чинь хэдэн сард явсан бэ?
-Өнгөрсөн долоодугаар сард явсан.
 
-Ямар байгууллагаар дамжуулж явуулсан юм бэ?
-Христэд итгэгч сайн дурын хүүхдийн төлөө байгууллага. Бараг 10 гаруй жилийн туршлагатай, манай хүүхэд тэр байгууллагын туслаж байгаа 26 дахь хүүхэд нь юм билээ.
 
-Монголоос 26 хүүхдэд тусласан юм уу?
-Үгүй, дэлхий даяар. Монголоос бол туслаж байгаа хоёр дахь хүүхэд нь.
 
-Зөвхөн танай охинтой ижилхэн төрлийн өвчтэй хүүхдүүдэд тусладаг юм уу. Эсвэл өөр өвчтэй хүүхдүүдэд ч гэсэн тусламжийн гараа сунгадаг юм болов уу?
-Янз бүрийн л өвчтэй хүүхдүүдэд тусладаг гэсэн. Гэхдээ манай хүүхэд бол хамгийн хүнд өвчтэйд нь тооцогдож байгаа юм байна лээ. Урьд нь ганц, хоёр хагалгаанд ороод л эдгэрдэг хүүхдүүдийг авч явдаг байсан гэсэн. Бид нар эхлээд зөвхөн онош зургийг нь л явуулсан. Тэгээд очоод шинжилгээг нь өгсөн чинь хариу нь маш муу гараад зургаан хагалгаанд орохоор болсон. Анх явахдаа очоод найман сар болно гэж байсан чинь одоо хоёр жил болно гэсэн. Гэхдээ одоо бас хугацаа нь хойшилчихоод л байгаа.
 
 
-Тэр сайн дурын байгууллага нь эмнэлгүүдтэй холбож өгдөг юм уу?
-Энэ байгууллага нь Христэд итгэгч байгууллага болохоор энд тэндхийн сүмүүдээс мөнгөө босгоод мэргэжлийн эмнэлгүүдэд очоод ийм хүүхэд байгаа юм, эмчлээд өгөөч гээд гуйдаг. Анх эндээс очихдоо нэг эмнэлгээр шинжилгээ, хагалгаагаа үнэгүй хийлгэнэ гэж явсан. Тэгээд очоод нарийн шинжилгээгээ өгөөд, зургаан хагалгаа нь төлөвлөгдсөн юм. Эхний хагалгаа нь 11 дүгээр сарын гуравны өдөр төлөвлөгдсөн байсан. Тэгсэн чинь эмнэлгийн ор хоногийн мөнгө нь тусдаа 150 мянган америк доллар болно гэсэн. Тэр мөнгөө төлөөгүй болохоор хагалгаа нь хойшлогдчихсон байгаа.
 
-Тэр 150 мянган америк долларыг нь та хоёр араас нь төлөх үү?
-Тэр байгууллага нь бид хоёрыг төл гэж хэлээгүй л дээ. Гэхдээ хүүхдээ явуулчихсан хүмүүс чинь бас яаж зүгээр суухав. Тодорхой хэмжээний мөнгө өгөх гээд л энэ ажлыг хийж байна. Тэр хүмүүс маань ч гэсэн тэндээ мөнгөө цуглуулж л байгаа. Гэхдээ л 150 мянган америк доллар гэдэг чинь бас л их мөнгө шүү дээ. Арай л цуглараагүй байна.
Нөгөө эмнэлэгтээ энэ хүүхэд гуравдагч буурай орны хүүхэд юм аа. Төлбөрөө жаахан хямдруулаач гэсэн санал тавьсан чинь боломжгүй гэсэн хариу өгсөн гэсэн. Манай охин одоо Мичиганд байгаа юм. Техаст байгаа бас нэг эмнэлэгтэй яриад үзүүлэхээр болчихсон байгаа. Хэрэв тэр эмнэлэгт үзүүлээд үнэ хөлсөө тохирчихвол тэндээ хагалгаа хийлгэж магадгүй.
 
Монголд энэ өвчний талаар туршлага байхгүй. Жаахан том болгож байгаад хагалгаа хийнэ гэдэг байсан
 
-Охины чинь оношийг анх хэзээ тогтоосон юм бэ?
-Төрөхдөө л тийм төрсөн юм.
 
-Жирэмсний хяналтад байхдаа мэдээгүй хэрэг үү?
-Үгүй. Уг нь эход харуулдаг л байсан. Төрснийх нь дараа зарим эмч нар гэдсэнд нь байхад ийм гажиг харагддаггүй юм гэсэн. Манай хүүхэд дөрвөн мөч нь татсан байдалтай төрсөн, яг гэдсэнд байсан шиг байрлалтай.
 
 
-Төрснөөсөө хойш хаана хяналтад байдаг байсан бэ?
-Төрснөөсөө хойш нэг сар болоод л  Хүүхдийн гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтад орсон. Нэг сартайгаасаа эхлээд бараг ой гартал нь хөлөнд нь гипс, гаранд нь чиг тавиулдаг байсан.
Манай хүүхдийн хөл нь дотогшоо байрлалтай төрсөн юм. Харин нэг ой гарантай байхад нь тэрийг нь засах гэж хөлнийх нь шагайнд хагалгаа хийсэн. Тэгээд хөлнийх нь хэлбэр арай гайгүй болсон. Гэхдээ л явдаггүй, гараа өргөж чаддаггүй байсан.
Монгол эмч нар болохоор манайд өмнө нь ийм хүүхэд байгаагүй болохоор арай л туршлагагүй байна. Түр хүлээж бай жаахан томрохоор нь хагалгаа хийж үзнэ гэдэг байсан. Тэгээд л хоёр ой гарчихсан. Заримдаа гадаадаас ирсэн эмч нарт үзүүлэхээр их олон удаагийн хагалгаа хийлгэх юм байна л гэж хэлдэг байсан. Гэхдээ бага дээр нь л хийлгэх ёстой гэдэг байсан. Гэтэл манайд хагалгаа хийх эмч байдаггүй. Тэгээд л хоёр ой гарантай байхад нь гадаадын эмнэлгүүд рүү хандаж үзье гээд эхлээд Солонгосын нэг эмнэлэгт хандсан чинь шууд л төлбөр мөнгөө нэхсэн. Харин дараа нь Америкт байдаг энэ байгууллагын тухай сонсоод хүсэлтээ явуулсан чинь их хурдан хариу ирсэн. Эмчлэгдэх боломжтой гэсэн хариу ирсэн болохоор бид нар бүх зүйлийг нь хөөцөлдөж эхлээд жил арай хүрэхгүй хугацааны дараа явуулсан.
 
-Өвчнийх нь онош нь Америкт очоод юу гэж гарсан бэ?
-Манай улсад бол Artrogryposis буюу шөрмөс таталт гэж хэлдэг байсан. Америкт очоод үзүүлсэн чинь булчингийн хөгжил байхгүй гэж хэлсэн. Бас арай оройтчихсон байна. Бараг төрөөд шууд л булчинг нь хөгжүүлэх эмчилгээ хийгдэх ёстой байсан гэсэн.
 
-Одоо тэгэхээр хийлгэх хагалгаа нь булчингийн үйл ажиллагааг нь сэргээх зорилгоор хийгдэх үү?
-Үгүй, тэр нь одоо оройтчихсон гэсэн.  Манай хүүхэд татчихсан юм шиг байдалтай төрсөн болохоор эхний ээлжинд хэлбэрийг нь засах хагалгаа хийнэ. Үүний дараа өөрөө өөрийгөө дааж явах булчин байхгүй болохоор хиймэл протез гутал өмсүүлж тэрнийхээ тусламжтайгаар явдаг болно гэсэн.  
 
-Одоо охинтойгоо яаж холбоо барьж байна вэ?
-Утсаар ярьдаг юм. Тэр хүмүүс нь зав зайгаа харж байгаад утсаар яриулна, бичлэг явуулна. Очоод бараг сар болоогүй байхдаа л англиар яриад эхэлсэн. Саяхан ярьсан чинь цоглог байна лээ. Миний охин мундаг байгаа.
 
-Танай хүүхэдтэй ижил төрлийн өвчтэй хүүхдүүд Монголд хэр олон байдаг бол?
-Миний сонссоноор бол өмнө нь нэг л хүүхэд манай хүүхэдтэй ижил төрлийн өвчтэй гээд хагалгаа хийлгэж байсан гэсэн. Гэхдээ тэр хагалгаа нь амжилтгүй болсон гэнэ лээ.  Саяхан нэг судалгаа харсан. Манай улсад ийм төрлийн өвчтэй гуч гаруй хүүхэд байдаг гэсэн.
 
-Та бүхэн Эрүүл мэндийн яаманд ч юм уу, төрийн байгууллагууд руу хандаж үзсэн үү?
-Одоо л үзнэ гэж бодож байгаа. Яг хандах гэхээр хаана хэнд хандахаа бас сайн мэдэхгүй л байна. Монголын иргэн гадаадад их хэмжээний төлбөрөөр эмчлүүлээд буцаж ирэхдээ тодорхой хэмжээний мөнгийг нь буцааж авч болдог л гэсэн. Гэхдээ сонсоод байсан чинь хандиваар эмчлүүлж байгаа бол тийм зүйл байдаггүй гэсэн.  Харин хүмүүс бол үнэхээр сайн туслаж байгаа.
 
 
 
 
Хэрэв та бүхэн бяцхан охинд туслахыг хүсвэл С.Золзаяагийн Хаан банкны 5100124153, Голомт банкны 1815007441, Хадгаламж банкны 102400130888, Худалдаа хөгжлийн банкны долларын 499229299 дансанд хандив өгч болохоос гадна 155889 дугаарт napoleon гэсэн мессежийг явуулах боломжтой. Холбоо барих утас: С.Золзаяа- 91215561

 

Нийтэлсэн: О.Энхмаа

С.Золзаяа: Охин минь хиймэл хөл зүүгээд явдаг болно гэсэн   
Үзсэн: 8707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-12-26 16:09
Huurhun ohin mini hurdan edgeerei. ene yariltslagaa facebookt tavibal olon hun unshij messej bichij tusalna daa. bi say unshaad messej bichlee
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2014-12-12 09:08
sain aav eejtei huurhun ohin bn aahurdan edgeed ireeei
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-12-11 23:54
Зовлон шаналалд өртсөнийх нь төлөө зэмлэж буруутгах, өөрсдөө давах гэж хичээснийх нь төлөө хийж байгааг нь бас буруутгах. Монголчууд бидэнд буруутанг хайж, бусдыг буруутгахын дон шүглээ юу даа..
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-12-11 23:25
gadnii shashin surtachlad gej yu yriad bgam be. Tsagaa tulwal jild 6 terbumiin tusuw awdag gandangin lam nar yu hiideg yum be sain saihan buhnig esusin humus hiij bna. Bas ymar ch hund yu ch tohioldoj bolno shuude. Aldaj zowson negende setgeliin dem ugch chadahgui bol dugai l bai ldao
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-12-11 22:04
Ix orobdoj bn xurdxan idgecee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-12-11 21:39
Mundag yumaa yaaj iij bgaal huurhii ohinoo emchilgeend yavuulj de. Buuj uguugui bn amjilt husie ohin ni sergelen huurhun ohin bn le. Eruul bolood eh oron doo ireh boltugai
180.230.249.xxx [180.230.249.xxx] 2014-12-11 21:28
mongol uls hezee tsetsegleh boloo. ard tumen n hezee soyoljih yum boloo. emnelg ntr n hezee hugjij ur huuhduud mongold torsnii buruugaar uhej eremdeg bolohgui boloh boloo
180.230.249.xxx [180.230.249.xxx] 2014-12-11 21:25
yaay manai mongol hezee hogjinoo. odoo iim ovchtei 30 garui huuhed bgaa gej bnashdee. idej uusan agaar ntrtei shuud holbootoi. hoorhii ursuud mongoldoo torson n buruu bish shuudee. ene ger buld eruul enh az jargaliig husie. yostoi goy ajilsag saihan zaluus bna. buh uils tani butnee butne. iim saihan humuusiin husel buhen bielelgui yahav. dongoj torhod n mongoliin emch nar medlegtei bsan bol huuhed zovohgui l baisan yum bna
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-12-11 20:37
Өвөг дээдсийнхээ хоол, ёс заншлыг умартаж өөх махаа ад үзэн цагаан хоол жимс ногоо идэж ууснаас хүүхэд ихээр эрэмдэг болж байгааг анхаарах чухал. Эм хүүний эрх чөлөөг хэтрүүлж эр хүнтэй адил гэж архи тамхи хэрэглэх явдлыг болиулах арга хэмжээ авахгүй бол ирээдүй үе өвчтөн эрэмдгүүд болох нт
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-12-11 20:34
Харийн соёл шашныг түгээснээс гадны юм бүхэн сайн гэсэн ойлолт их болж гаддаадын чамин тансаг идээ ундаа идснээс нялх хүүхэд нь элдэв өвчтэй төрөх магадлал ихэсч байгаа юм. Үүний буруутан эцэг эх нь өөрөө юм. Тэд хандив өгсөн болохоор нь харийн шашныг сурталчилж байх их болжээ. Эхийн тэнэг хооллолт, буруу гаж зуршлаас үр нь ингэж зовж байгааг өөгшүүлэх нь буруу. Жирэмсэн байж баар хэсээд архи тамхи ууж байгаад эрэмдэг хүүхэд төрүүлөхийг төрөөс жигшүүлж хуулиар зохицуулах зүйтэй.
115.164.222.xxx [115.164.90.xxx] 2014-12-11 17:00
Tiim shvv. Yadaj shine jiliinhee bayariin tortiig edniihees avaarai.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-11 14:41
Энэ тэнд баяр тэмдэглэж, архидаж шоудаж, бие биентэйгээ арсалдан, өмссөнөөрөө өрсөлдөн гайхуулж, үрэн таран хийдэг тэр мөнгө төгрөгнөөсөө энэ хүмүүст өгч туслаач залуусаа

Бидэнтэй нэгдээрэй